Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Хотхоныг байгуулахдаа хэсэгчилсэн төлөвлөгөө батлуулж, амьдрах орчныг таатай бүрдүүлэх ёстой"

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Орон сууцны хотхонуудын сургууль, цэцэрлэг, орчны тохижилт, тэдгээрт тулгамдаж буй асуудлыг өнөөдөр хэлэлцлээ.

Тус хэлэлцүүлэг нь дээрх асуудлыг шийдвэрлэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, Нийслэлийн харьяа газар агентлагууд, Баянгол дүүргийн 1,2,3,4,20-р хороо, Сууц өмчлөгчдийн холбоод мөн оршин суугчдын төлөөлөл оролцлоо.

 
Гэрэл зургийг mpa.mn

НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа "Хуучин болон шинээр ашиглалтад орсон хотхонууд олон байна. Тухайн хотхоныг анх байгуулахдаа хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулж, сургууль, цэцэрлэг, зам талбай, ногоон байгууламж гээд хүний амьдрах орчныг аль болох таатай байгуулах ёстой.

Гэтэл эхлээд орон сууцаа барьчихдаг. Дараа нь сургууль, цэцэрлэг, ногоон байгууламжийн асуудал үлддэг тал бий.  Тиймээс бид анхнаасаа ерөнхий төлөвлөгөөгөө батлуулсны дагуу орон сууцнуудыг барьж, ашиглалтад орж тухайн оршин суугчид, иргэдийнхээ эрх ашгийг тодорхой түвшинд анхаарч, хамгаалах ёстой.

Энэ нь нэг талаар барилга барьж буй компаниудын  нийгмийн хариуцлагын асуудал, нөгөө талаар ерөнхий төлөвлөгөөг нь баталсан Нийслэл өөрөө хэрхэн хэрэгжүүлж байгааг анхаарах нь зүйтэй.

Хэдий үед нь сургууль цэцэрлэгийг ашиглалтад оруулах хугацааг тухайн компанитай тохирч, тодорхой хэмжээний гэрээ хэлцэл хийн, гүйцэтгэлд нь хяналт тавих ёстой гэж үзэж байна.

Гэхдээ дан ганц барилгын компанид буруу өгөх аргагүй юм. Энэ бол төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хяналт дутагдаж, хариуцлага алдсаны шинж" гэлээ. 

Хэлэлцүүлгийн Баянгол дүүргийн хороодын Засаг дарга нар тулгамдаж буй асуудлуудаа танилцуулж, санал хүсэлтээ илэрхийлсэн юм.

Манай хороо хоёр том хотхонтой ч ганц ч сургууль, цэцэрлэг байхгүй

 
Гэрэл зургийг mpa.mn

БГД-ийн 1-р хорооны Засаг дарга Ц.Уранбайгаль "Манай хороонд 3,000 гаруй өрх амьдардаг хоёр том хотхон байдаг. Гэтэл өнөөдөр ганц ч улсын сургууль, цэцэрлэг байдаггүй. 

Тухайлбал, Алтай хотхонд амьдардаг 1,100 гаруй хүүхэд цэцэрлэг, сургуульд явах шаардлагатай байгаа. Хотхон анх байгуулагдахдаа сургууль, цэцэрлэг барина гэж төлөвлөсөн ч одоог хүртэл бариагүй байна" гэлээ.

Тус дүүргээс сонгогдсон НИТХ-ийн төлөөлөгч Л.Нарантуяа хотхонтой холбоотой дээрх асуудлуудыг шийдэх гарцыг тодорхойлж, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хийгдэж эхэлсэн ажлуудыг шуурхай хэрэгжүүлэх үүрэг чиглэл өглөө.