Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

OLED технологийн салбарт Өмнөд Солонгостой өрсөлдөхөөр Япончууд нэгдэж байна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

OLED дэлгэцний технологиор дэлхийд ноёлж байгаа Өмнөд Солонгосын компаниудтай өрсөлдөхөөр илүү хямд шинэ технологи бүхий JOLED компани Японы засгийн газрын дэмжлэгтэй байгуулагджээ.

Japan Display, Panasonic, Sony компаниудын OLED дэлгэцний үйлдвэрүүд нийлснээр гэрэлтүүлэгч материалыг гадаргуу дээр суулгах шинэ аргыг нэвтрүүлж байгаа аж. Энэ нь ердийн хэвлэгч принтерийн ажиллах зарчимтай ижил гэнэ.

Харин Өмнөд Солонгосын Самсунг компани ууршуулах аргаар суулгадаг байна. Япончуудын шинэ технологи нь бага зардалтай, материалын хаягдал бага тул ердийн OLED телевизийн үйлдвэрлэх зардлыг 30-40 хувь бууруулж байгаа юм.

JOLED-ийн бөөнөөр үйлдвэрлэх ажиллагаа 2019 онд Ишикава мужийн Номи хотын Japan Display үйлдвэрт эхлэх гэнэ. Төслийг хэрэгжүүлэхийн тулд 100 тэрбум иен ($887 сая) босгох шаардлагатай бөгөөд Sony, Canon, Fujifilm, Nikon, Sumitomo Chemical зэрэг Японы компаниудаас тус бүр 5-10 тэрбум иений хөрөнгө оруулалт хүсэхээр төлөвлөжээ.

Хэрвээ энэ хөрөнгө оруулалтыг дотоодоосоо босгож чадахгүй бол гадаадын болон Хятадын хөрөнгө оруулагчдад хандах гэнэ. Одоогоор JOLED компанийн 75 хувийг засгийн газрын Japan Investment Fund сан эзэмшиж, Japan Display 15 хувь, Panasonic, Sony тус бүр 5 хувь эзэмшиж байгаа ажээ.

IHS Market компанийн тооцоолсноор OLED дэлгэцийн зах зээл 2021 он хүртэл таван жилийн дотор гурав дахин өсч, $46.3 тэрбумд хүрэхээр байгаа юм.

Зөвхөн гар утасны дэлгэцнээс гаднa өөр олон төрлийн төхөөрөмж OLED технологийн дэлгэцтэй болох ирээдүйтэй байна.

 

Эх сурвалж: Nikkei