Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ирматай ижил хүчтэй Мария хар салхи Карибын арлуудыг чиглэн ирж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Дөнгөж хэдхэн хоногийн өмнө Ирма хар салхинд нэрвэгдээд байсан Карибын арлуудыг дахин нэг хар салхи чиглэн ирж байгааг Мария гэж нэрлэжээ. Даваа гарагийн байдлаар уг салхины хурд 71 м/сек хүрч, Ирматай ижил тавдугаар ангилалд шилжсэн байна.

Маргааш буюу Лхагва гарагт Мария хар салхи Пуэрто Риког дайрах ба цаашлаад Виржиний арлуудыг дайрахаар байгаа юм.

Харин Флоридагийн хойг, АНУ-ын эх газарт хүрэх эсэхийг хэлэхэд эрт байгаа гэнэ. Одоогийн байдлаар Мария Флоридад хүрэхээсээ өмнө хойд зүгт эргэх магадлалтай байгаа ажээ.

Ойрын 36 цагийн дотор Карибын тэнгисийн 10 гаруй арлыг Мария дайран өнгөрөхөөр байгааг Хар салхины Үндэсний Төв мэдээлсэн байна.

Мөн Ангилла, Антигуа ба Барбуда зэрэг хэд хэдэн аралд Мариягийн нөлөөгөөр тропикийн аадар бороо орохыг анхааруулжээ.

АНУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Пуэрто Рико арал Даваа гарагт онц байдал зарлаж, Үндэсний Гвардыг гамшгийн бэлэн байдалд оруулсан байна. Мөн Нэгдсэн улсын харьяанд багтдаг Виржин арлуудын захиргаа иргэдээ орон гэрээ орхиж, хоргодох байранд шилжихийг зөвлөжээ.

Жил бүрийн есдүгээр сар орчимд тохиодог Атлантын хар салхины улирал энэ жил онцгой идэвхтэй байна. Есдүгээр сарын 17-ны байдлаар нийт 7 хар салхи дэгдээд байгаа нь бүх түүхэн цаг үеийн ес дэхь онцгой тохиолдол гэнэ.

Хар салхины үргэлжлэх хугацаа, үүсгэх эрчим хүчний хэмжээгээр энэ жил дээд амжилт тогтоогоод байгаа ба Мария нэмэгдсэнээр дундаж үзүүлэлт улам нэмэгдэх юм.

Мөн өнгөрсөн долоо хоногт Атлантын далайд Жосе нэртэй өөр нэг хар салхи дэгдсэн ч эргээс холуур өнгөрөхөөр байгаа ажээ.

 

Эх сурвалж: Business Insider