Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Үнэд хүрэх НАЙМАН КНОП

Б.Өнөртогтох
2017 оны 9 сарын 19
Монголын мэдээ
Зураг зураг

УИХ дахь сөрөг хүчин болох АН-ынхан есөн гишүүнтэй. Гэвч энд нэг хүнийг бараг л гишүүний тооноос хасчихад гэмгүй дээ. Өөрийн намынх нь хувь заяаны асуудал яригдахаас бусдаар Төрийн ордонд тоотойхон морилдог Б.Наранхүүгийнхийг хасчихвал АН-ын найман кноп энэ цагт хамгийн үнэ цэнтэй болчхоод байгаа юм. Мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад МАН-ын 65 гишүүн тэг дундуураа хуваагдсан. У.Хүрэлсүхийн 31 ба М.Энхболдын 34 гэсэн тэнцүүхэн харьцааг нэг талд гаргаж, огцрох уу, үгүй юу гэдэг хайнааг хагалах кноп нь АН-ын найман гишүүнийх байлаа.

Б.Наранхүү угаас М.Энхболд даргатай ойр нөхөрлөдөг учраас хуралдаа ирэхгүй нь тодорхой байсан. Намынхаа эсрэг зогсож чадахгүйгээс хойш очихгүй байсан нь дээр хэмээн ойрын нөхдөдөө ярьж явсан гэнэ лээ, Б.Наранхүү. Гуравдагч хүчин болох О.Баасанхүү, бие даагч С.Жавхлан нарын кноп зайлшгүй тохиолдолд хэрэг болох учраас энэ удаад хойш тавьсан нь дээр. Харин АН-ынхан У.Хүрэлсүх тэргүүтэнд кнопоо “худалдаж”, Засгийн газраа огцруулчихлаа.

У.Хүрэлсүх АН-ынханд юу амлав гэх таамаг олон янзаар өрнөлөө, энэ өдрүүдэд. Яаманд албан тушаал өгөхөөр амлав уу, эсвэл Засгийн газарт орох болов уу. Үгүй ядахдаа л жижиг албан тушаал амласан байх. АН-ын зарим улстөрчийн шалгуулж буй хэргийг хаана гэж амлалт өгсөн юм биш үү гэх мэтээр олон ч таамаг өрнөсөн. Энэ бүхэнд АН-ынхан “Бид Засгийн газарт орохгүй” гэсэн ганцхан хариулт өгсөөр суугаа.

Бүтэц эцэслэн зурагдаагүй, Ерөнхий сайдын томилгоо хийгдээгүй байхад энэ хариултад итгэхэд бэрх. Улс төрд дайсан гэж байдаг, мөнхийн эрх ашиг гэж байдаг гэгчээр өнөөдөр орохгүй гэж дуугарсан ч маргааш тэдний шийдвэр өөрчлөгдөж мэднэ. Бид засагт орохоос өөр арга байсангүй. Ард түмнээ бодоод ийм сонголт хийлээ хэмээн гар бариад зогсож байх улстөрчид МАНАН дунд бишгүй олон бий.

Тиймээс нэг улстөрчийн үгэнд итгэчхээд “нээрээ орохгүй гэнэ лээ” хэмээн тааж бичих эрт байна. Найман кнопны төлбөр яаж төлөгдөхийг ирэх өдрүүдэд харна. АН-ынхан найман кноптоо үнэлгээ тогтоочихвол бүр илүү амар болно. Бүлгийн даргынх нь тийм сайд, тэдэн төгрөг.

Намын даргынх тэр яамны сайд, гишүүнийх тэдэн төгрөг гэх мэтээр үнэлгээ тогтоогоод Ардын намд “албан тоотоор” хүргүүлчихэд гэмгүй биз. Ардын нам дотроо нэгэнт ан цав үүсчихсэн. Дараагийн Засгийн газраа унагах цаг хугацаагаа ч тэд тооцчихсон гэх юм билээ, үнэн эсэхийг цаг хугацаа харуулах биз. Тэр цагт дахиад л найман кнопны хэрэг гарч, үнэд орж л таараа. Юу ч гэж амлаж мэднэ.

Тиймээс юу ч үгүй хоосон, сул сөрөг хүчин байснаас кнопоо үнэд хүргээд юм, юмтай сөрөг хүчин болох боломж харагдаж байна, АН-д. Хэрвээ У.Хүрэлсүхийн толгойлсон 31 хүн ирэх өдрүүдэд засгаа тогтвортой байлгахыг хүсвэл АН-д хадаг барьж, сүй тавихаас өөр аргагүй болно. Дуртай, дургүй ч тэд сөрөг хүчнээ тойглоно. Албан тушаал биш юм гэхэд далдуур тохироо хийх нь тодорхой.

Дээр хэлсэнчлэн, элдвээр хардуулж байснаас шинэ Засгийн газарт гуйлгаж орчхоод гудамжид лааз өшиглөж буй намын гишүүдийнхээ цөөхнийг ч болов хоолтой нь залгуулсан нь дээр. Ард түмэн ойлгож л таараа. “Бидний найман кнопыг дараагийн удаа засаг огцруулахад ашиглах магадлалтай учраас ийм сонголт хийлээ.

Энэ бол ард түмнээ бодсон, төр засгийн тогтвортой байдлын төлөө хийсэн сонголт гэх мэтээр эвтэйхэн тайлбарлахад ойлгож л таарна. Засаг унах тусмаа сөрөг хүчинд “ээлтэй” байж мэдэх юм. Тийм жишиг ч бий. Гэхдээ өнөөдөр У.Хүрэлсүхэд үйлчилж засгаа унагачхаад, маргааш М.Энхболдын талд найман кнопоо ашиглуулбал жинхэнэ утгаараа улс төрийн “биеэ үнэлэгч” гэх нэр зүүх вий. Сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй гэдэг дээ.

Зураг