Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Шотланд эр унадаг дугуйгаар ДЭЛХИЙГ 80 ХОНОГТ тойрлоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Британий иргэн Марк Бомонт өчигдөр буюу Даваа гарагт дэлхийг тойрсон дугуйт аялалаа Парист өндөрлөлөө.

Тэрээр энэ мөчөөс 78 хоног, 14 цаг, 14 минутын өмнө Парисаас гарч байсан юм. Дэлхийн 16 орныг өдөрт 16 цаг дугуй жийж туулсан Бомонтыг Парисын Ялалтын хаалган дээр гэр бүл, найз нөхөд, дэмжигчид нь тосож авсан байна.

Тэрээр хамгийн богино хугацаанд дугуйгаар дэлхийг тойроод зогсохгүй, эхний нэг сарын дотор 11,315.29 км зам туулсан үзүүлэлтээр шинэ дээд амжилт тогтоожээ.

Бомонт Францын нэрт зохиолч Жюль Верний “Дэлхийг тойрсон 80 хоног” зохиолыг амьдрал дээр хэрэгжүүлэхээр шийдсэн юм.

Тэрээр долдугаар сарын 2-нд Парисаас гараад Европыг туулж, Орос, Монголоор дамжин Бээжин хүрсэн байна. Дараа нь тэр Австрали, Шинэ Зеландыг хөндлөн туулж, гурав дахь үедээ Аляскийн Анкорэйжээс эхлэн Нова Скотийн Халифакс хүрсэн юм.

Дараа нь Португалийн Лисбонд нисэж ирээд тэндээсээ Парисыг чиглэн аялжээ.

2015 онд Шинэ Зеландын Эндрью Николсоны 123 хоногт дэлхийг тойрсон дээд амжилтыг ийнхүү Бомонт эвдэж байгаа юм. Тэрээр өмнө нь 2012 онд Атлантын далайг хамгийн богино хугацаанд сэлүүрт завиар туулах зорилготой багт нэгдэж байсан ч 27 хоногийн дараа завь нь живснээр аврагдаж байжээ.

34 настай Шотланд эр Марк Бомонт нь хүний тэсвэр тэвчээрийг шалгасан адал явдалт аялалд өөрийгөө зориулсан нэгэн гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian