Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын аюултай мэдэгдлийг Пентагоны тэргүүн залрууллаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нэгэн таагүй мэдэгдэл хийсэн нь Хойд Солонгосын сүүлд хийсэн пуужингийн туршилттай холбоотой байлаа.

Мягмар гарагийн өглөө Хойд Солонгос Японы арлыг давуулан баллистик пуужин харвасан нь тус дэглэмийн гурав хоногийн дотор хийсэн хоёр дахь пуужингийн туршилт байлаа.

Трамп твиттер хуудсандаа “АНУ Хойд Солонгостой хэлэлцсээр, тэдний сүрдүүлгэнд мөнгө төлсөөр 25 жил боллоо. Яриа хэлэлцээр бол шийдэл биш юм байна!” гэж бичсэн юм.

Өөрөөр хэлбэл яриа хэлэлцээрээр асуудлыг шийдэх боломжгүй болсон, дараагийн шатны арга хэмжээ авах гэж буй мэт агуулгатай мэдэгдэл байв.

Үүнээс хэдхэн цагийн дараа сэтгүүлчид Пентагоны тэргүүн Жим Мэттистэй уулзахдаа АНУ дипломат арга замаар Хойд Солонгосын асуудлыг шийдэх замаасаа гарч байгаа эсэхийг асуусан байна.

Тэгвэл Мэттис уг таамгыг няцааж “Бид хэзээ ч дипломат арга замыг орхихгүй” гэжээ.

Хойд Солонгосын сүүлийн пуужин туршилтын дараа Япон улс НҮБ-ыг Пёньяны эсрэг дахин хориг тавихыг уриалсан бол АНУ ямар арга хэмжээ авах боломжтойг судалж байгаагаа мэдэгдсэн юм.

Харин ОХУ, Хятад улсууд шинэ хориг тавих нь үр дүнгүй хэмээн мэдэгдэж, дипломат яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэхийг уриалсан байна.

Мягмар гарагт НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдаан хийж, түүний гишүүн 15 орон Хойд Солонгосын туршилтад харамсаж байгаагаа санал нэгтэй илэрхийлсэн юм.

1995-2008 оны хооронд АНУ цөмийн хөтөлбөрөө түдгэлзүүлснийх нь төлөө Хойд Солонгост $1.3 тэрбумын тусламж үзүүлсэн нь голдуу хүнс, эрчим хүчний чиглэлд зориулагджээ. Гэвч хожим нь Пёньян амлалтаа зөрчиж, тусламж зогссон аж.

 

Эх сурвалж: Reuters