Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Мөнхтуяа БАГШ: Авдаг цалингийнхаа хэмжээг хүмүүст хэлэхээс ичдэг байлаа

Болорцэцэг, iKon.mn
2017 оны 8 сарын 31
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

 "Бид ухрахгүй, багш нарын хөдөлмөрийг шударгаар үнэлье" гэсэн утга бүхий уриа лоозон барин жагсацгаах олон арван багш нар. Нийгмийн хангамжаа сайжруулах үүднээс "Цалин нэмэгдүүлэх түр хороо" -г байгуулсан тэд өчигдөр хамтдаа ийнхүү жагссан юм. 

Урьд хожид багш нар ингэж нэгдэж, ингэж жагсаж байсан түүхгүй.  "Бүсээ чангалсаар байтал, эцсээ хүртлээ туйлдлаа" гэж бичсэн тэдний амьдралд биелсэн бололтой. Жагсаалын үеэр хэн нэгэн "Өнөөдөр 800 мянган төгрөгний цалин авдаг багш нар байвал гараа өргө" гэхэд багш нар дуу нэгтэйгээр "Байхгүй ээ" гэж хашхирч байв. 

- Ингээд өчигдрийн жагсаалд оролцсон эгэл жирийн багш нарын үзэл бодол, хэлэх гэсэн үгсийг бид дамжуулж байна -

Багш нар цалингаас цалингийн хооронд үргэлж өр зээлтэй амьдарч ирсэн нь үнэн
 

Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Ж.Батзориг "Монголын боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллагсад ажил мэргэжилдээ үнэнчээр зүтгэж, ард иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөсөөр ирсэн хэдий ч тэдний цалин хөлс зөвхөн өдөр тутмын хүнсний наад захын хэрэгцээнд хүрэлцэхгүй, цалингаас цалингийн хооронд үргэлж өр зээлтэй амьдарч ирсэн нь үнэн.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23.3-т: “Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч хувийн болон ам бүлийнхээ ахуй амьжиргааг хүний зэрэгтэй авч явахад хүрэлцэхүйц бөгөөд зайлшгүй тохиолдолд нийгмийн хангамжийн эх үүсвэрээр нэмэн арвижуулсан, хийсэндээ таарсан хүртээмжтэй шан хөлс авах эрхтэй” гэж заасан боловч Монгол Улсад энэ заалт хэрэгжихгүй байна тиймээс бид хамтдаа энэ жагсаалыг хийж байна" гэлээ. 

 

Цалин нэмэгдүүлэх түр хорооны гишүүн багш А.Санжмятав "Даваа гарагт биднийг боловсролын сайд хүлээн авч уулзсан ч ажлын хэсэг гаргасан, цалин нэмэгдүүлэх ажил дээр анхаарна гэснээс биш тодорхой шийд өгөөгүй.

Тиймээс бид өнөөдөр төр захиргааныхныг Есдүгээр сарын 15-ны  дотор шаардлага ирүүлэхийг хүсч жагсаал хийж байна. Хэрэв цалин нэмэхгүй бол бид ажил хаяна. Мэдээж хичээлийн шинэ жилээр ажиллаж хүүхэд багачуудаа сургуульдаа хүлээн авна" гэж байлаа.   

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ жагсаалд Баянхонгор аймгийн ахмад иргэн Ж.Чулуундорж хөдөө орон нутгийнхнаа төлөөлөн өөрийн саналаа хэлж, багш нарын жагсаалд нэгдэн оролцсон юм.

Тэрбээр "Зах зээлийн шуургатай жилүүдэд "гахай" бариад наймаа хийгээгүй, самбарынхаа дэргэд шавь нарынхаа хажууд шохойгоо бариад хоцорсон хүмүүс бол багш нар.

Ирээдүйн олон хүүхдүүдийн төлөө нойр хоолгүй ажиллаж байгаа энэ хүмүүс зээлнээс зээлийн хооронд амьдарч байна. Ингэж болохгүй ээ.

Багш нарын цалинг нэмж, тэтгэвэрт гаргах насыг нь наашлуулах хэрэгтэй. Яагаад гэвэл чимээ шуугиантай нөхцөлд ажиллах хүний эрүүл мэндэд маш хортой болохыг тогтоосон.

Ходоод хоосон багш яаж тархиндаа байгаа мэдлэгээ хүүхдэд өгөх билээ дээ" хэмээн халаглаж байв. 

Авдаг цалингийнхаа хэмжээг хүмүүст хэлэхээс ичдэг байлаа
 

Багш гэх сайхан мэргэжлийн нэр зүүсэн л хүмүүс болоод байгаа аж.

Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсрлын сургуулийн багш нарын сарын дундаж цалин 535 - 608 мянган төгрөгийн хооронд байна. 

Энэ талаар Цалин нэмэгдүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Н.Мөнхтуяа "Би боловсролын салбарт 20 жил ажилласан. Ингэж ажиллахдаа багш гэдэг сайхан нэрийг авснаас өөр гавьсан зүйл байхгүй.

Эхлээд бага цалин авдаг ч багш хэмээн хүндлүүлдэг байсан учраас өр зээл болон авдаг цалингийнхаа хэмжээг хүмүүст хэлэхээс ичдэг байлаа. Цалин нэмэгдэнэ гэж найдсаар бүхэл бүтэн хорин жил тэссэн.

Одоо тэгж нэрээ бодох шаардлага байхгүй ээ.Тиймээс бидний шаардлагад нэн даруй хариу өгөж цалин нэмэгдүүлэхийг шаардаж байна" гэсэн юм. 

Жагсаалд нийслэлийн Багануур дүүргийн "Гүн Галуутай Цогцолбор" сургуулийнхан оролцож байлаа.

Тэднээс хамгийн олон жил ажиллаж байгаа Газарзүйн багш С.Ганцэцэг хоолой зангируулан "Би хоёр хүүхэдтэй. Хоёр хүүхэд минь багадаа ааваасаа хагацаж түүнээс хойш энэ багахан цалингаараа минь хүн болцгоосон.

Сүүлийн 11 жил дандаа зээлээр амьдарч байна. Тэр зээлээ авдаг цалингаараа үнэндээ төлж дийлэхгүй байна. Тийм учраас л би энд ингээд лоозон бариад зогсож байна" хэмээн учирлаж байв. 

 

Нийслэлийн Тавдугаар сургуулийн багш Н.Батхуяг "Багш нарын цалин Монголын Боловсролын байдал хоёр үнэхээр доройтжээ. Монгол иргэнээ хөгжүүлье гэвэл багшийг хөгжүүлэх хэрэгтэй. Багш нараа хөгжүүлье гэвэл цалингаа нэмэх хэрэгтэй.

Би хамаг нэмэгдлээ аваад 610,000 төгрөг авдаг. Дөрвөн хүүхдээ ийм цалингаар тэжээх гэж ямар амьдрал туулсныг төсөөлөх ч юм биш. Тэр хүнд хэцүү байдлыг даваад энэ олон жилийг боловсролын салбарт элээсэн маань багш хийх чин хүсэл эрмэлзэлтэй минь л холбоотой.

Уг нь бид чинь баян орны иргэд шүү гэтэл яагаад ингэж ядуу амьдрах ёстой гэж. Хэрэв цалин нэмэхгүй бол хоёр гурван хоног байна уу, сар байна уу хамаагүй ажлаа хаяна" гэв. 

Энэ зуур тайзан дээрээс "Багш ядуурсан байна энэ улсад , Багш ядарсан байна энэ улсад" гэх яриа сонсогдож үүнийг үнэн гэдгийг батлах гэсэн шиг жагсаж буй багш нар хоолой нэмэн уухайлж байлаа. 

Шинээр ажилд орж байгаа багш нар 300-400 мянган төгрөг авч байна
 

Гүн Галуутай сургуулийн бага ангийн багш Т.Баяржаргал "Энэ үнэхээр үнэн. Ямар нэг зүйл туйлдаа хүрэхээр тэсэрдэг шиг өнөөдөр энэ асуудал эцсийн хязгаар дээрээ ирлээ.

Багш нарын тэвчээр тасарлаа. Амьдралын наад захын хэрэглээнд хүрэхгүй байгаа цалингаасаа хэдийг нь илүүчилж өөрсдийгөө хувцаслаж, хэдээр нь хоол ундаа авах вэ.

Өнөөдөр шинээр ажилд орж байгаа багш нар 300,000-400,000 төгрөг авч байна. Ийм байхад багшаар ажилд орох, багш мэргэжлээр үргэлжлүүлэн ажиллах хүмүүс хэр байх нь ойлгомжтой шүү дээ гэлээ. 

 

Багш нар өнөөдрийн жагсаалаар Засгийн газрынхан болон нийгэмд том цочроо өгсөн юм. Тэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад дараах шаардлагыг хүргүүлж Есдүгээр сарын 15-нд хариугаа авна гэдгээ мэдэгдсэн юм. Тэд: 

  • Багш, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалингийн доод хэмжээг 1,600,000 төгрөгт хүргэх;
  • 2017-2018 оны Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт улсын хэлэлцээрийн 3.2-т тусгасан “Тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломжтой уялдуулан 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө талууд нэмэлт хэлэлцээр байгуулж, шийдвэрлүүлнэ” гэсэн заалтыг биелүүлэх;
  • Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах гэсэн гурван шаардлагыг тавьж байгаа бөгөөд хугацаандаа хариу өгөхгүй бол ажил хаялт явуулна гэдгээ илэрхийлсэн юм.