Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Японы сангийн сайд Таро Асо Гитлерийг магтсаныхаа төлөө уучлал гуйлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Японы сангийн сайд Таро Асо саяхан үг хэлэхдээ Адольф Гитлерийн хийсэн үйлдлийн учир шалтгаан зөв байсан гэх утгатай зүйл ярьсан юм.

Тэрээр эрх баригч Либерал Ардчилсан намын нэг хурал дээр “Хэдийгээр үндэслэл нь хэчнээн зөв байсан ч Гитлерийн олон сая хүнийг устгасан явдал сайн зүйл биш” гэж ярьжээ.

Тэгвэл Асо өнөөдөр буюу Лхагва гарагт хэлсэн үгэндээ уучлал гуйсан байна.

Асо “Миний хэлсэн үг Гитлерийг бүхэлд нь буруутгасан утгатай байсан. Түүний гэмт үйлдэл хийх үндэслэл нь ч бас буруу байсныг би баталж байна” хэмээн мэдэгджээ. Тэрээр улс төрчдөд зорилгодоо хүрэх нь ямар чухал болохыг ойлгуулах гэхдээ ийм үг амнаасаа унагасан гэж тайлбарласан байна.

Сайд “Гитлерийг жишээ болгосон нь зохимжгүй зүйл боллоо. Тиймээс би хэлсэн үгээ буцааж байна” гэж уучлал гуйжээ.

Дэлхий дахинд гарч байгаа жүүдийн эсрэг (анти семитизм) үзэл санааг хянаж байдаг Лос Анжелест төвтэй Симон Виезенталь Төв хэмээх байгууллага Асогийн хэлсэн үгийг анх эсэргүүцэн шүүмжилсэн юм.

Таро Асо анх удаа хэлсэн үгнээсээ болж, шүүмжлүүлж байгаа нь энэ биш. 2013 онд тэр Япон улс үндсэн хуулиа өөрчлөхдөө Нацистуудын жишээг дагах хэрэгтэй хэмээн хэлж байв.

Дайны дараах энхтайванч үндсэн хуулийг өөрчлөхөд Японы иргэдийн ахмад үе дэмжихгүй байсан тул Асо дэлхийн хоёрдугаар дайны өмнөхөн Нацистууд Германы үндсэн хуулийг хэрхэн олонд анзаарагдалгүйгээр өөрчилж чадсан туршлагаас суралцах хэрэгтэй гэсэн юм.

Тухайн үед Асо “Хэн ч мэдээгүй байхад Веймарын үндсэн хууль нэг л өдөр Нацистуудын үндсэн хууль болж өөрчлөгдсөн байсан. Яагаад бид энэ тактикаас суралцаж болохгүй гэж?” хэмээн хэлж байжээ.

Нацизмийг эсэргүүцэх нийгэмлэгүүд түүнийг хатуу шүүмжилж, уучлал гуйхаас гадна албан тушаалаасаа огцрохыг шаардаж байв. Дараа нь Асо уучлал гуйсан ч огцрох шаардлагыг хүлээж аваагүй ажээ.

Зөвхөн Нацизмийн тухай биш, өөр олон сэдвээр ярихдаа “эвгүй үг” амнаасаа унагаж, хэл амны бай болж байдгаараа алдартай улс төрч бол Таро Асо юм.

 

Эх сурвалж: The Guardian