Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэльчуудын дөрөвний гурав нь жилийн дотор дунджаар 9 кг жин хасжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Улс төр, эдийн засгийн гүн хямралд орсон Венесуэл улсын 31 сая иргэн өлсгөлөнд нэрвэгдээд байна. Хоолны төлөө хүмүүс юуг ч хамаагүй хийж байна. Тухайлбал тус улсын биеэ үнэлэх газруудад ажилладаг эмэгтэйчүүдийн тоо хоёр дахин нэмэгдсэн бол биеэ үнэлэгчдийн дундаж нас нь огцом буурсан дүнтэй байгаа аж. Хамгийн бага нь 12-13 насны охид энд ажиллаж, зөвхөн өл залгах багахан мөнгө олж байгаа нь эмгэнэлтэй.

Тухайлбал сүүлийн хоёр жил биеэ үнэлж байгаа 14 настай Адриана Веласкез охин сардаа 400,000 боливар олдог нь тус улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дөрөв дахин их боловч, хэт инфляцийн нөлөөгөөр энэ нь ердөө $30 орчим болдог гэнэ. Тэрээр энэ мөнгөөр өөрөөсөө гадна ээжийгээ болон шинэхэн төрсөн дүүгээ арай ядан тэжээдэг ажээ.

Веласкез нийслэл Каракас хотын хамгийн ядуу, гэмт хэргийн үүр уурхай болсон дүүрэгт амьдардаг ч өлсгөлөн одоо иргэдийн хаана амьдардаг, хэн болохыг ялгахгүй ижил болгосон гэнэ. Өлсгөлөнд томоохон компаниудын ажилчид, телевиз, радиогийн микрофоны ард суугаа хүмүүс ч нэрвэгдэж, сургуулийн хүүхдүүд, багш нар хоол олохын тулд ажил, сургуулиа орхиж байна.

Эмнэлэгт хүнс тэжээлийн дутагдалд орсон хүмүүс амиа алдаж эхэлсэн бол Венесуэлийн иргэдийн дөрөвний гурав нь жилийн дотор дунджаар 9 кг жин хаясан тухай судалгааг тус улсын томоохон их сургууль хийжээ.

10 өрх тутмын 9 нь өдрийн хоолоо бүрэн гүйцэд хангаж чадахгүй байгааг судалгаа харуулсан байна.

Мөн 10 сая хүн өдрийн хоолноосоо татгалзаж, үр хүүхэддээ хэмнэсэн хоол хүнсээ зориулдаг болсон гэнэ.

Жинхэнэ нэрээ нууцалж, өөрийгөө Дэвид Гонзалес гэж танилцуулсан залуу хямралаас өмнө дундаж ангийн төлөөлөгчид тооцогдон, орон сууц, автомашинтай нэгэн явсан бол өнөөдөр зөвхөн идэх хоолны төлөө явж байгаагаа ярьсан байна. Түүний мөрөөдөл турж жижгэрсэн биетэй нь хамт алга болж байгааг өгүүлсэн юм. 29 настай Дэвид “Мэргэжлийн зорилго, ажил хөдөлмөрийн тухай биш, зөвхөн юу идэх тухай бодож амьдрах нь эмгэнэлтэй байна” гэжээ.

“Би өмнө нь өлсгөлөн, талханд дугаарлах хүмүүсийг хараад хэзээ ч өөрийгөө тийм болно гэж төсөөлж байгаагүй. Би хэзээ ч маргааш юу идэх вэ гэж шөнөжин бодож хононо гэж төсөөлж байгаагүй” хэмээн тэр ярьж байна.

170 см өндөртэй Дэвид энэ оны эхнээс өнөөг хүртэл биеийн жингийн дөрөвний нэг гаруйгаа алдаж, 50 кг жинтэй болсон гэнэ. Эмнэлэгт үзүүлэхэд нь эмч түүнийг стресс, өлсгөлөнгөөс үүдэлтэй зүрхний өвчтэй болсныг дуулгажээ.

Одоо тэр өглөө болгон 05:00 цагт босож, хүнсэнд дугаарлан зогсдог ч заримдаа хоосон харих нь бий. Дэвид эцэстээ засгийн газраас сард нэг удаа олгодог $1-ийн багц хүнсийг авахаар бүртгүүлсэн байна.

“Би ийм хангамж авдаг болтлоо ядрахыг хүсээгүй. Гэвч өлсөж үхэхгүйн тулд өөр арга байсангүй” гэж тэрээр харамсан ярьжээ.

Венесуэлийн амьдрал ийм байгаа ч ерөнхийлөгч Николас Мадуро үүнийг АНУ-ын өдөөсөн эдийн засгийн дайны үр дүн гэж тайлбарлаж байгаа юм.

Энэ бол өлсгөлөн биш, гадаадын империалистуудын үзүүлж буй дарамт гэж тэд тайлбарлаж байна. Газрын тосны үнэ 2014 оноос эхлэн унаж эхэлснээр гадаад валютын хомсдолд орсон Венесуэлийн эрх баригчид мөнгөө хүнсний импортод бус, засгийн газрын өрийг дарахад зарцуулж эхэлсэн нь ийм үр дүнд хүргэсэн юм. Одоо Венесуэлийн хүнсний хангамжийн 70 хувь нь импортоор нийлүүлэгддэг.

Эдийн засгийн шинжээчид үүнийг “Засгийн газар нь өрийн дансаа тэглэхийн тулд иргэдээ хоосон хонуулах замыг сонгосон” гэж дүгнэж байна.

Мадурог засгийн эрхэнд гарсан 2013 оноос хойш үндэсний валютын ханш 99 гаруй хувиар унажээ. Тухайн үед $1,000-ын үнэтэй бараа авдаг байсан боливар өнөөдөр хар захын ханшаар $1-ийн үнэлгээтэй болоод байна.

Венесуэлийн эрх баригчид 2015 оноос хойш инфляцийн мэдээллийг гаргахаа больсон ч сөрөг хүчнийхэн энэ оны эхний долоон сарын байдлаар 250 хувьтай байгаа гэж мэдээлсэн байна.

Нэгэн үе газрын тосны нөөцөөрөө Латин Америкийн баян орнуудын нэгэнд тооцогддог байсан Венесуэлийн иргэд өнөөдөр өдрийн хоолтой байхыгаа тансаг амьдралд тооцдог болжээ.

 

Эх сурвалж: The Guardian