Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Африкийн Кени улсад гялгар уут хэрэглэхийг хориглосон хамгийн хатуу хууль үйлчилж эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Зүүн Африкийн Кени улсад хуванцар материалаар хийсэн уут савыг үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхийг хатуу хориглосон хууль Даваа гарагаас эхлэн хэрэгжиж эхэлжээ.

Дэлхийд хамгийн хатууд тооцогдож байгаа энэ хуулийн дагуу зөрчил гаргасан этгээд дөрөв хүртэл жил хоригдох, эсвэл $40,000 хүртэл мөнгөн торгуулиар шийтгүүлэх юм байна.

Хуулийн зорилго нь хүрээлэн байгаа орчныг хуванцар материалаар бохирдуулахаас сэргийлэх юм. Одоогоор дэлхий даяар Хятад, Франц, Руанда, Итали зэрэг 40 гаруй улс оронд нэг удаагийн гялгар уут, торыг бүтэн ба хагас хориглосон, эсвэл өндөр татвартай болгоод байгаа ажээ.

Маш их хэмжээний ийм материал далай тэнгисийн усанд орсноор яст мэлхий, шувууд, дельфин, халим зэрэг амьтны ходоодонд орж үхүүлдэг болоод байна.

Кени дэхь НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн мэргэжилтэн Хабиб эль Хабр “Энэ маягаар үргэлжилбэл 2050 он гэхэд далай загаснаасаа илүү хуванцар хаягдалтай болно” гэж хэлжээ.

Байгальд устаж алга болтлоо 500-1,000 жил болдог хуванцар материал загас зэрэг амьтны ходоодоор дамжин хүний биед нэвтрэх болсон байна. Тухайлбал нийслэл Найроби хотын нядлагын газарт ирсэн нэг үхэрний гэдэснээс 20 гялгар уут гарсан тохиолдол бийг Хабиб ярьжээ.

Одоо Кенийн гудамжинд гялгар тор, уут барьж яваа хэнийг ч гэсэн цагдаа баривчлах эрхтэй болсон байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Кени улс гурван удаа хуванцар уут савыг хориглох гэж оролдсон ч үр дүнд хүрээгүй юм.

Кени улс бүс нутагтаа хамгийн том гялгар уут, торны экспортлогч тул энэхүү хоригоос болоод 60,000 ажлын байр үгүй болж, 176 үйлдвэрлэгч хаалгаа барих болоод байгааг Кенийн Үйлдвэрлэгчдийн Холбооныхон мэдээлсэн байна.

Одоо Найроби хотын супермаркетуудад үйлчлүүлэгчид өөрсдийн даавуун болон цаасан уутыг хэрэглэх, эсвэл дэлгүүрээс санал болгодог болсон гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian