Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн олон сая шүтэгчтэй “амьд бурхан” хүчингийн хэргээр 20 жилийн ял авлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өөрийн шүтэн бишрэгч хоёр эмэгтэйг хүчирхийлсэн хэргээр “амьд бурхан” гэж өөрийгөө зарласан эр Энэтхэгийн шүүхээс 20 жил шоронд хоригдох ял сонсжээ.

Өнгөрсөн долоо хоногт их багшийгаа ял сонссоны дараа Харяна мужид түүнийг шүтэгчид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, үүний үр дүнд 38 хүн амиа алдаж, 200 гаруй хүн бэртэж гэмтсэн юм.

Рам Рахим Сингх гэгчийн үүсгэн байгуулсан Дера Саха Сауда гэх шашны урсгал Энэтхэгийн Пунжаб, Харяна мужуудын хөдөө орон нутгийн иргэдийн дунд хүчтэй тархсан юм байна. Энэхүү үймээн самуунаас болоод дээрх мужуудад хэсэгчлэн хөл хорио тогтоож, нийслэл Дели хотод хүртэл аюулгүй байдлыг чангатгажээ.

Эрх баригчид армийг бэлэн байдалд шилжүүлж, цагдаа нарт шаардлагатай бол галт зэвсэг хэрэглэх эрх олгосон байна. Рахим Сингхийг хорьж байгаа Энэтхэгийн хойд хэсгийн Рохтак хотын шоронг хүч нэмэгдүүлэн хамгаалах болжээ. Шорон одоо цайз бэхлэлт мэт байгууламж болж, сэтгүүлчдийг хэдэн километрийн зайнаас дотогш ойртуулахгүй байгаа бол шоронд хүрэх замууд дээр хориглох саад бэхлэлтүүд байрлуулсан байгаа гэнэ.

Хууль ёсоор нэг удаагийн хүчингийн хэрэгт 10 жилийн хорих ял өгдөг бол “амьд бурхан” хоёр дараалан үйлдсэн тул 20 жил хорихоор болсон байна. 2015 онд Сингх өөрийгөө Бурхны элч болгож харуулсан цуврал киногоор хүмүүсийг байлдан дагуулж эхэлжээ. Тэрээр кинон дээрээ ид шидийг үзүүлж, дуулж бүжиглэхийн хажуугаар олон мянган хүнд сургааль хайрлан, ганцаараа дээрэмчдийг дарж байгаагаар үзүүлдэг юм байна.

 

Эх сурвалж: Independent