Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

UBER компанийг Иран гаралтай эр удирдахаар боллоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Компанийг тойрсон дуулианы улмаас үүсгэн байгуулагчдын нэг Травис Каланикийг өнгөрсөн зургаадугаар сард гүйцэтгэх захирлын суудлаас нь огцруулсны дараа Uber компанийн ТУЗ шинэ захирлын эрэлд гарсан юм.

Тэгвэл тус компанийн гүйцэтгэх захирлаар Expedia компанийн гүйцэтгэх захирал Дара Хосровшахиг сонгож байгаа тухай ойрын эх сурвалжууд мэдээлжээ.

Хөрөнгө оруулагчид нийт гурван хүнд ажил санал болгохоор сонгоод байсныг нэг нь General Electric-ийн гүйцэтгэх захирал асан Жэф Иммелт, нөгөө нь HP Enterprise компанийн гүйцэтгэх захирал Мэг Уитмэн байсан юм. Эдгээр хоёр эрхэм саналаас татгалзаж байгаагаа олон нийтэд мэдэгдсэн.

48 настай Хосровшахи сүүлийн 12 жилийн турш Expedia компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. АНУ-ын хамгийн том аялал жуулчлалын онлайн агентлаг гэгддэг Expedia-гийн орлого 2015 онд $2.1 тэрбум байснаа 2016 онд $8.7 тэрбум болж өссөн юм.

Түүнд Hotels.com, Orbitz, Trivago, HomeAway, Travelocity зэрэг аялал жуулчлалын онлайн үйлчилгээнүүд харьяалагддаг. Хосровшахи Иранд төрж, бага насандаа АНУ-д цагаачилж ирээд Нью Йорк мужид өссөн, цахилгааны инженерийн мэргэжилтэй нэгэн юм.

Glassdoor судалгааны сайтын мэдээлснээр Хосровшахиг 93 хувийн үнэлгээтэйгээр бизнесийн шилдэг удирдагч гэж салбарынхан нь үздэг байна.

Uber бол үндэстэн дамнасан такси дуудлагын онлайн сүлжээг бий болгосон компани бөгөөд дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй хувийн компанид тооцогддог.

Энэ оны эхээр тус компанийн дотоод засаглал, менежмэнтийн ёс зүйтэй холбоотой дэгдсэн дуулиан уг компанийг хямралд оруулж, ТУЗ-ийн гишүүдийг нь хагаралдуулан, гүйцэтгэх захирал Травис Каланикийг огцруулахад хүргэсэн юм.

Үүний дараа Uber-ийг сэргээх хүчтэй удирдагчийн эрэлд хөрөнгө оруулагчид нь гараад хоёр сар орчим хугацаа өнгөрөөд байна.

 

Эх сурвалж: Business Insider