Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад дэлхийн хамгийн том эрчим хүчний компани бий боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хятадын хамгийн том нүүрс олборлогч Шэньхуа групп, тус улсын топ таван эрчим хүчний компаниудын нэг China Guodian Corp компаниудын нэгдэх хүсэлтийг Бээжингийн эрх баригчид өчигдөр дэмжжээ.

Ингэснээр суурилуулсан хүчин чадал, хөрөнгийн хэмжээ нь $271 тэрбумд хүрсэн дэлхийн хамгийн том эрчим хүчний компани бий болж байна.

Хятадын Төрийн Өмчийн Зохицуулалт, Хяналтын зөвлөл Даваа гарагт энэ тухай зарлахдаа хоёр компанийн нэгдлийг эрчим хүчний үйл ажиллагааг оновчтой болгох, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн тоог багасгах бодлогын хүрээнд авсан арга хэмжээ гэж тайлбарлажээ.

Шинэ компанийг National Energy Investment Corp (Эрчим Хүчний Үндэсний Хөрөнгө Оруулалтын Корпораци) гэж нэрлэх гэнэ.

Шинээр үүссэн компанийн эрчим хүч үйлдвэрлэх эх үүсвэрийн 77 хувь нүүрс, 14 хувь салхи, 8 хувь ус, 1 хувь нарных байна гэж Блүүмберг тооцоолжээ.

Мөн үйлдвэрлэх эрчим хүчний багтаамж нь 225 ГВ хүрэх бол Хятадын хамгийн том салхины эрчим хүч үйлдвэрлэгч (33 ГВ), хамгийн том нүүрсний олборлогч болж байгаа юм.

Нэгдэлтийн үр дүнд Шэньхуа өөрийн эрчим хүчний үйлдвэрлэлд цэвэр технологийн эх үүсвэрүүдийг бий болгох бол Гуодян нь хямд өртөгтэй нүүрсний эх үүсвэртэй болж, Шэньхуагийн тээвэрлэлтийн дэд бүтцийг ашиглах боломжтой болно. Мөн Шэньхуагийн санхүүгийн чадавхи Гуодяны өрийг бууруулахад нэмэр болох ажээ.

Шинжээчдийн дүгнэж байгаагаар уг нэгдэл нь ашгийн түвшинг нэмэгдүүлэхээсээ илүүтэй түүхий эдээс хамааралтай эрсдлээс харилцан бие биеэ хамгаалах ач холбогдолтой шийдвэр гэнэ.

 

Эх сурвалж: OilPrice.com