Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Японы засгийн газар анх удаа арлын уугуул иргэдийг хүлээн зөвшөөрөх гэж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Токио анх удаа Айну хүмүүсийг Японы “уугуул иргэд” гэж хуулинд тодорхойлохоор бэлдэж эхэлжээ.

2008 онд Японы засгийн газар Айну иргэдийг өөрийн хэл соёл, шашин шүтлэгтэй угсаатан гэдгийг баталсан мэдэгдэл анх удаа гаргаж байв. Тэгвэл энэ удаа тэднийг Японы арлуудын уугуул оршин суугчид мөн гэдгийг хуульчлан батлах ажээ.

Ингэснээр Айну угсаатнуудын амьдралын түвшин, боловсролд анхаарал тавих боломж нээгдэх юм.

Айну хүмүүс бол олон зууны турш Хоккайдо болон түүний ойр орчмын арлууд, Сахалин, Курилын арлуудад тархан амьдарч байсан угсаатан.

 

Японд барууны шинэчлэл хийгдэж байсан Мэйжигийн эринд (1868-1912) тэднийг уусгах бодлого хүчтэй хэрэгжсэний улмаас хэл соёлоо алдахад хүрээд байв. Уусгах бодлого эхэлснээс хойш бараг 100 жилийн дараа 1997 онд Токио анх удаа Айну хүмүүсийн соёлыг хамгаалах, хүний эрхийг баталгаажуулах хууль гаргаж байжээ. Тухайн үед энэ нь Япон улс анх удаа угсаатны цөөнхийг хүлээн зөвшөөрсөн хэрэг боловч Айну хүмүүсийг уугуул иргэд гэж нэрлээгүй юм.

Харин 2007 онд НҮБ-ын ерөнхий ассембли уугуул иргэдийн эрхийг хамгаалах тогтоол гаргаж, гишүүн улсууддаа хууль гаргахыг даалгасан байна. Уг тогтоолыг Япон улс ч бас дэмжжээ.

Шинэ хуулийг хэрэгжүүлэхээс гадна 2020 оны Токиогийн Олимпийн наадмын үеэр Хоккайдо аралд Айну соёлыг сурталчлах арга хэмжээ төлөвлөсөн байна.

Өнгөрсөн хугацаанд Айну иргэдийг бухимдуулсан мэдэгдлийг Японы улс төрчид үе үе хийдэг байв. Тухайлбал 1986 онд ерөнхий сайд Ясухиро Накасонэ хэлэхдээ “Япон бол нэг цул үндэстэн” гэсэн нь тухайн үедээ Айну цөөнхийн эсэргүүцэлтэй тулгарч байжээ.

 

Эх сурвалж: Japan Times