Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос Японыг давуулж пуужин харвалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө Улаанбаатарын цагаар үүрийн 05:00 цаг орчимд Хойд Солонгос алсын тусгалтай баллистик пуужинг Японы нутаг дэвсгэр дээгүүр харважээ.

Пуужин 550 км орчим өндөрт хүрч, 2,700 км зам туулсан тухай Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин мэдээллээ. Пёньяны ойролцоох Сунанаас харвасан пуужин Японы хойд Хоккайдо арлын дээгүүр нисэн, Номхон Далайн хойд бүсэд туссан байна.

Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаралтай хуралдаан зарлаж, ерөнхийлөгч Мүүн Жэ Ин хуралдааныг даргалж байна.

Ердөө гурав хоногийн өмнө Хойд Солонгос богино тусгалын гурван пуужинг Японы тэнгисийн усанд харваад байсан юм.

АНУ болон Япон улс Пёньяны пуужин Японы арлуудын дээгүүр гарсныг баталсан байна. NHK телевизийн мэдээлснээр пуужин гурван хэсэгт хуваагдсан гэжээ.

Ерөнхий сайд Шинзо Абэ сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Бид ард иргэдийнхээ амь насыг хамгаалахад бүхнийг хийнэ” гээд Хойд Солонгосын пуужингийн туршилтыг “урьд өмнө тохиолдож байгаагүй, ноцтой аюул занал” гэж нэрлэсэн байна.

Пуужин харвах ажиллагааг Пентагон эхнээс нь хянаж байсан бөгөөд одоо туршилтын үр дүн, нөлөөг үнэлэх ажил явагдаж байна гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Korea Times