Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын Шеньхуа групп хоёр уурхайгаа зогсоосон нь Монголын нүүрсэнд боломж олголоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хятадын төрийн өмчит Шеньхуа Энержи групп Өвөр Монгол дахь хоёр том ил уурхайн үйл ажиллагааг зогсоож байгаагаа Пүрэв гарагт зарлажээ.

Ингэснээр Монгол улсын нүүрсний экспорт нэмэгдэх нөхцөл бүрдсэн байна. Уурхайнуудыг түр зогсоох болсон шалтгаан нь газар эзэмшилтэй холбоотой асуудлыг шийдэхэд хугацаа шаардлагатай байгаагаас гэсэн байна.

Зогссон хоёр уурхай нь 2016 онд 50 гаруй сая тонн нүүрс, энэ оны эхний хагаст 30 гаруй сая тонн нүүрс олборлож байжээ. Энэхүү нүүрсний хомсдолоо хөрш Монгол улсаас хангах шаардлагатай болж байгаа гэнэ.

Хонг Конгийн биржэд бүртгэлтэй Mongolian Mining Corp компанийн хөрөнгө оруулагч Mongolia Growth Group-ийн гүйцэтгэх захирал Харрис Купперман “Энэ бол Монголын нүүрс олборлогчдод том боломж” хэмээн онцолсон байна.

Тэр бас Хятад дахь нүүрсний хомсдол нь Монголчуудад сайн үнэ тохиролцох боломж олгоно гэж үзэж байгаагаа хуваалцжээ. Тээвэрлэлтийн асуудлаас болоод Монголын нүүрс бусад нийлүүлэгчдээс бага үнээр Хятадад экспортлогддог.

Нүүрс бол Монгол улсын хамгийн том экспортын бүтээгдэхүүн. 2017 оны эхний хагаст Хойд Солонгосын эсрэг тавьсан хоригийн нөлөөгөөр Монголын нүүрсний экспорт жилийн өмнөх үеэс дөрөв дахин нэмэгдэж, $1.27 тэрбумд хүрсэн юм.

Монголын хамгийн том нүүрс олборлогч болох төрийн өмчит Эрдэнэс Таван Толгой компани 2017 оны эхний долоон сард 5.9 сая тонн нүүрс олборлосон нь 2016 оны мөн үеэс 4.6 дахин их байгааг Баасан гарагт мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters