Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Мөнхбат: Төсвийн орлого хагас их наяд орчим төгрөгөөр давсан

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

"ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргаж байсан тэр үе бол 7, 8 сарын өмнөх явдал"

Ж.Мөнхбат “Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт хамрагдахтай холбоотой хүүхдийн мөнгөний олголтыг бууруулах шаардлагыг Засгийн газраас тавьж байсан.

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргаж байсан тэр үе бол долоо, найман сарын өмнөх явдал.

Тэр үед Монгол Улсын эдийн засаг хасах үзүүлэлттэй байснаас гадна маш тулгуу төлөх Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, Чалкогийн 170 сая долларын томоохон өрийн асуудал байсан.

Энэ бүхнийг Монгол Улсын Засгийн газар заримыг нь төлж, заримыг нь дарамт болохгүйгээр зохицуулалт хийсний үр дүнд эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарч, хөрөнгө оруулагчдын итгэл сайжирсан.

Монгол Улсад орж ирж байгаа хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар манай эдийн засаг 4-4.5 хувийн өсөлттэй явж байна гэсэн статистикийг холбордох байгууллага, эдийн засагчид гаргаж байгаа.

Хагас жилийн хугацаанд хасах үзүүлэлттэй байсан эдийн засгийг эерэг болгож байгаа нь томоохон дэвшил.

Сүүлийн дөрөв таван жилийн хугацаанд анх удаа төсвийн орлого давсан. Өнөөдрийн байдлаар хагас их наяд орчим төгрөгөөр давсан байна.

Тиймээс эдийн засгийн өсөлт орлогын сайжралттай холбоотой эерэг үр дүнг ард түмэн хүртэх ёстой гэсэн зарчмыг баримталж байгаа.

Энэ ч үүднээс хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт 100 хувь олгох шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийн дагуу 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хасагдсан хувьд орсон хүүхдүүдийн мөнгийг нөхөн олгоно.

Үүнээс хойш буюу долоо, наймдугаар сараас бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох асуудлыг шийдвэрлэж байна. Жилд хүүхэд бүрт олгох 100 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардагдана.

Өнөөдөр Монгол Улс 500 орчим тэрбум төгрөгийн давсан орлогын биелэлттэй явж байгаа. Эндээс олгох боломжтой.

Нөхөн олголт хийх 161 орчим тэрбум төгрөгийг 2017 оны улсын төсөвт тавьсан. Тэгэхээр нөхөн олгох бүрэн боломж байгаа гэж холбогдох байгууллагууд үзэж байна.

ОУВС-тай бид хамтын ажиллагааны хөтөлбөрт оролцохдоо тохиролцсон нэгэн зүйл бол эдийн засагт эерэг үр дүн үзүүлж байгаа нөхцөлд ард иргэд рүүгээ хандсан ажлыг шат дараатайгаар хийнэ гэсэн байгаа.

"УИХ-ын 23-р тогтоол гарсантай холбоотойгоор Засгийн газар албан ёсны шийдвэр гаргасан"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Жилийн өмнө УИХ-ын сонгуулийн үеэр Эрдэнэтийн 49 хувийг хувьд зарсан асуудал болсон.

Энэ асуудлыг сонгуулийн дараагаас эхлэн ярьж 23-р тогтоолоор 100 хувь төрийн мэдэлд авч, төрийн өмчийнх болгох тухай шийдвэр гаргаж, хэрэгжилтийг хангах даалгаврыг Засгийн газарт өгсөн.

Энэ дагуу ажлыг зохион байгуулж, Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмчийнх болсон. Шүүхийн шийдвэр саяхан гарсан.

Өчигдрийн хуралдаанаас гарсан шийдвэр бол Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн өмчид шилжүүлэн авна гэдгийг дахин баталгаажуулж, Засгийн газрын албан ёсны тогтоол гарсан байгаа.

Дээрх хувиас Монголын иргэн бүрт хувь эзэмшүүлэх шийдвэр гарч, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт үүрэг өгөгдсөн. Өнөөдөр ажилдаа орсон гэж ойлгож болно.

Энэ бол улс төрийн шоу, популизм биш. Засгийн газрын тогтоол, УИХ-ын тогтоол шоу байдаггүй. УИХ-ын 23-р тогтоол гарсантай холбоотойгоор Засгийн газар албан ёсны шийдвэр гаргасан.

Тиймээс албан ёсоор хэрэгжиж явна. Өнөөдрийн эдийн засаг ямар байгааг Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа.

Тэгэхээр эдийн засгийн өсөлт, боломжийнхоо хүрээнд шийдэж байгаа асуудал бол хүүхдийн мөнгө, тэтгэвэр нэмэх, Эрдэнэтийн 49 хувийг төрийн өмч болгож, иргэдэд хувь хишиг олгох юм” гэв.