Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт 14 ХОНОГИЙН ДОТОР болно

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 26-нд болж өнгөрлөө.  Санал хураалтаар гурван нэр дэвшигчийн аль нь ч 50%+1 болзолыг хангаж чадаагүй билээ. Тухайлбал Х.Баттулга нийт сонгогчдын 38.1 хувийн саналыг авсан бол М.Энхболд 30.3 хувь, С.Ганбаатар 30.19 хувийн саналыг авсан юм.  

Энэ тохиолдолд Сонгуулийн тухай хуулиар хоёр дахь санал хураалтыг явуулдаг. Сонгуулийн дүнгээр хамгийн өндөр байгаа хоёр нэр дэвшигчийн дунд явагдах хоёр дахь санал хураалт 14 хоногийн дотор товлогдож, зохион байгуулагдах ёстой хэмээн хуульд заажээ. 

105 дугаар зүйл.Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь санал хураалт явуулах
 
105.1.Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна.
 
105.2.Сонгуулийн төв байгууллага хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна.

 

Сонгуулийн Ерөнхий Хорооноос тодруулахад яг одоо хорооны хуралдаан болж байгаа бөгөөд өнөөдөртөө хоёр дахь санал хураалтын товыг хэзээ зарлахаа шийднэ гэв. 

Харин хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчид мөн олонхийн санал авч чадахгүй бол ДАХИН СОНГУУЛЬ явагдах хуультай. Дахин сонгуульд өмнөх нэр дэвшигчид өрсөлдөх боломжгүй бөгөөд намууд нэр дэвшигчээ солих юм. 

148 дугаар зүйл.Анхан шатны сонгуулийн санал хураалтыг хүчингүй болсонд тооцох, дахин сонгууль явуулах
 
148.1.Хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй тохиолдолд анхан шатны сонгуулийн санал хураалтыг сонгуулийн төв байгууллага хүчингүйд тооцно.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.