Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Галын аюултай хавтангийн улмаас Лондоны таван орон сууцны иргэдийг нүүлгэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Саяхан галд өртсөн Grenfell Tower барилгатай ижил гадна хавтантай таван орон сууцны иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа өчигдөр буюу Баасан гарагт Лондон хотод болжээ.

Тэдгээр сууцнуудын гадна талыг бүрсэн хавтанг ижил барилгын гүйцэтгэгч компани хийсэн юм байна. Олон тооны оршин суугчдыг Лондон даяар зочид буудлуудад тараан байрлуулах ажлыг хотын зөвлөл зохион байгуулжээ.

Орон сууцнуудыг аюулгүй болгох ажиллагаа дөрвөн долоо хоног орчим хугацаанд үргэлжлэх гэнэ. 1974 онд баригдсан, 24 давхар Grenfell Tower-ийн гадна талын засварыг гүйцэтгэхдээ галд амархан шатдаг хавтан ашигласан нь сүүлд батлагдсан юм. Тухайн үед ашиглаж байгаа материалын аюулгүй байдлын талаар хотын захиргаа, зарим яамдын сайдад анхааруулж байсан ч хэрэгсээгүй өнгөрсөн нь баримтаас ил болоод байгаа аж.

Британи даяар доод тал нь 600 барилгын гадна талыг Grenfell Tower-ийнхтай ижил хавтангаар бүрсэн гэсэн тоо гарсан байна.

Галын үед амиа алдагсдын тоог одоо болтол бүрэн гаргаж чадаагүй байгаа. Эхний дүгнэлтээр Hotpoint FF175BP загварын хөргөгчнөөс гал гарсан гэж үзээд уг бүтээгдэхүүний техникийн аюулгүй байдлыг шалгаж эхэлжээ.

 

Эх сурвалж: AFP