Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Оросууд Исламын улс бүлэглэлд далавчит пуужингийн цохилт өглөө

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын зэвсэгт хүчин Сирийн Хама мужид байрлах Исламын улс бүлэглэлийн зэвсгийн агуулахад далавчит пуужингийн цохилт өгсөн талаар тус улсын батлан хамгаалах яам өнөөдөр буюу Баасан гарагт мэдээлжээ.

Ракка хотоос зугтсан исламист бүлэглэлийнхэнд зориулагдсан зэр зэвсэг энд хадгалагдаж байсан гэнэ. Ракка хотыг чөлөөлөх ажиллагааг АНУ-ын дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүд гүйцэтгэж байгаа юм. Эндээс зугтсан террористууд өмнө зүгт ухарч байгааг Оросын тал ажиглаж байжээ.

Нийтдээ зургаан ширхэг Калибр далавчит пуужинг Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт байрлаж байгаа байлдааны хөлгөөс харвасан байна.

Яамны мэдэгдэлд “Террористуудын үлдэгдэл, тэдний зэвсгийн байгууламжуудыг устгасан” гэж мэдээлжээ.

Оросын тал цохилтынхоо талаар Израйль, Турк улсуудад урьдчилж мэдэгдсэн байна. Харин АНУ-д мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Сирийн засгийн газрын байлдааны онгоцыг Америкчууд буудаж унагасны дараа ОХУ санамсаргүй мөргөлдөөнөөс сэргийлэх холбооны шугамаа таслана гэж АНУ-д мэдэгдэж байв. Гэхдээ Оросууд ингэж сүрдүүлсэн хэдий ч холбооны шугам нээлттэй хэвээр байгааг Америкийн тал сүүлд баталсан юм.

 

Эх сурвалж: The Wall Street Journal