Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын армийн гэрээт ажилтан Хятадад нууц материал худалдаж байгаад баригджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын төрийн департментийн аюулгүйн албаны ажилтан байгаад сүүлд армийн гэрээт ажилтан болсон Кэвин Мэллори гэгч $16,500 бүхий цүнхтэй явж байгаад Америкийн сөрөг тагнуулынханд баригджээ.

Түүнийг АНУ-ын армийн нууц мэдээллийг Хятадын тагнуулуудад зарж байсан гэж буруутгасан байна. Тэрээр өнгөрсөн гурав, дөрөвдүгээр саруудад Шанхай хотыг зорихдоо мэдээллээ мөнгөөр солилцож байсныг илрүүлсэн гэнэ.

Хэрвээ түүний үйлдсэн хэрэг батлагдвал бүх насаар хоригдох ял эдлэх, цаашлаад цаазаар авахуулах ч боломжтой юм. Түүний тавдугаар сарын 5-нд Хятадын тагнуултай солилцсон мессэжэд Кэвин Мэллори“Танай зорилго бол мэдээлэл олох, миний зорилго бол мөнгө олох” гэж бичсэн байсныг илрүүлжээ.

60 настай Мэллори нь мандарин хэлээр чөлөөтэй харилцдаг, 2012 он хүртэл төрийн департментийн чухал албан тушаалуудад ажиллаж байсан гэнэ. Өнгөрсөн оны хоёрдугаар сард тэр Хятадын тагнуулын элсүүлэгчтэй сошиал сүлжээгээр холбогдон танилцжээ. Үүнийхээ дараа Шанхайд зорчихдоо тагнуулын албаныхантай уулзсан байна. Хятадын тагнуулууд Шанхайн Нийгмийн Ухааны Академийн судлаачид гэсэн нэрийн дор түүнтэй уулзсан гэнэ. Хятадаас ирэхдээ цүнхтэй бэлэн мөнгө авчирсан Мэллориг АНУ-ын гаалийнхан шалгаж илрүүлсэн ажээ.

Кэвин Мэллорид зохих ял оноосноор “улсын нууцыг гадаадын тагнуулын байгууллагуудад дамжуулсан, дамжуулахыг завдсан хүмүүс ямар шийтгэл хүлээх ёстой”-г бодитоор харуулна гэж Виржиниа мужийн шүүгч мэдэгджээ.

 

Эх сурвалж: The Guardian