Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосчууд гадаадын иргэдийг ажиллуулахын эсрэг жагсаж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Лхагва гарагт Сөүл хотын төвд 8,000 гаруй барилгын салбарын ажилчин эсэргүүцлийн жагсаал хийж байна. Тэд барилгын компаниудыг солонгос ажилчдыг ажиллуулах, гадаадын хууль бус ажилчдыг ажиллуулахаа зогсоохыг шаарджээ.

Тэд бас компаниудыг хуулиар зөвшөөрсөн тоо хэмжээнд гадаад иргэдийг ажиллуулж байгаа эсэхэд хяналт тавихыг засгийн газраасаа шаардсан байна. Жагсаал өчигдөр эхэлж, өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа юм.

Тэд “Солонгос хүнийг ажиллуул!” гэсэн уриаг жагсаж байхдаа хэлж байгаа ажээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд Өмнөд Солонгосын барилгын ажилчдын цалин, хангамж төдийлөн сайжраагүй нь компаниуд хямд зардалтай гадаад ажиллах хүчийг ихээр авах болсонтой холбоотой гэж жагсагчид дүгнэж байна.

Хууль ёсоор 67,000 гадаад ажилчин ажиллуулах хязгаартай ч нууцаар ажиллуулж байгаа хүний тоо нь 300,000 давсан гэж үзэж байгаа гэнэ. Эсэргүүцлийн жагсаал нь ерөнхийлөгч Мүүн Жэ Инийг сонгогдсоноос хойш болж байгаа анхны тэмцэл, солонгос хүнийг ажилд авахыг шаардсан агуулгаараа анхдагч жагсаал болж байна.

Жагсаал ерөнхийлөгчийн ордон, SK, Hyundai, Daewoo зэрэг томоохон барилгын компаниудын байрны дэргэдүүр явжээ. Нийтдээ 2,700 цагдаа аюулгүй байдлыг сахиулахаар ажиллаж байна.

Албаны тоо баримтад дурдсанаар өнгөрсөн онд солонгос биш ажилчдын тоо барилгын салбарт өсөн 290,000-д хүрсэн нь нийт ажиллах хүчний 35 хувь болжээ.

Өмнөд Солонгост өнгөрсөн онд 2,049,441 гадаадын иргэн амьдарч байсан нь хүн амын 4 хувь болж байгааг хууль зүйн яамны тоо баримт харуулж байна.

 

Эх сурвалж: Korea Times