Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Uber компанийн гүйцэтгэх захирал огцорлоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Такси дуудлагын онлайн сүлжээний бизнес эрхэлдэг Uber компанийн үүсгэн байгуулагчдын нэг, гүйцэтгэх захирал Травис Каланик албан тушаалаасаа огцорч байгааг саяхан мэдээлжээ.

“Би энэ дэлхий дээр юунаас ч илүү Uber-т хайртай. Миний хувийн амьдралд тохиолдсон хүнд цаг үед би хөрөнгө оруулагчдын хүсэлтээр компаниасаа холдож байна. Ингэснээр Uber дотрох хэрүүл тэмцэл зогсож, цаашдын хөгжилд нь нэмэр болно гэж бодож байна” хэмээн Каланик мэдэгдэлдээ бичсэн байна.

Тэр цаашдаа компанийхаа ТУЗ-д гишүүнээр ажиллах гэнэ. Сүүлийн хэдэн сар Uber компанийг тойрсон ноцтой дуулиан олноор дэгдэж, эцэстээ хөрөнгө оруулагчид Каланикийг огцрохыг хүчтэй шаардаж эхэлсэн юм.

Нэрээ нууцалсан эх сурвалжуудын мэдээлснээр хэдэн цаг үргэлжилсэн ширүүн хурлын дараа гүйцэтгэх захирлыг огцруулах шийдэлд хүрсэн байна. Каланикийн эсрэг тус компанийн хамгийн том таван хөрөнгө оруулагч ширүүн тэмцэл явуулсан гэжээ. Маш амжилттай aжиллаж байгаа Цахиурын хөндийн стартап компаниудын тоонд ордог Uber-ийг тойрсон дуулиан энэ оны хоёрдугаар сарын 19-нд эхэлсэн юм. Тэр өдөр Uber-т ажиллаж байгаад гарсан инженер Сюзан Фаулер хувийн блогтоо тус компанид хэрхэн нэг жилийг өнгөрөөсөн түүхээ бичсэн байна. Өөрийнх нь менежэр Фаулерт бэлгийн харилцаанд орох санал тавьж байсан гээд түүнээс хойш өрнөсөн үйл явдлуудыг бичсэн байжээ.

Гэвч Uber компанийн захиргаа түүний бичсэн баримтуудыг няцааж, нэр дурдагдсан менежэрийг өндөр чадвартай удирдагч гэж өмөөрсөн юм. Фаулер өөрийнх нь гомдлыг компанийн захиргаа хүлээж аваагүй бөгөөд менежэр нь гомдол гаргасны төлөө ажлаас нь халахаар сүрдүүлж байсныг блогтоо өгүүлсэн байв. Энэ бол Uber-т тохиолдсон гамшгийн дөнгөж эхлэл байлаа.

Дараа нь тус компанийн таагүй соёлтой холбоотой хэд хэдэн гомдол ил гарч, түүнд нь дээд удирдлагуудын нэр хүртэл холбогдсон юм. Сүүлдээ 20 орчим зүй бус ажлаас халсан тохиолдол, 200 гаруй гомдлын мөрөөр дөрвөн сар үргэлжилсэн шалгалт эхэлсэн нь одоо болтол үргэлжилж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Techinsider