Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Америк оюутны үхлийн шалтгааныг тогтоох боломжгүй гэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын шоронд хоригдсон гадаад иргэдийн эрүүл мэндийн байдлыг мэдэх ямар ч боломжгүй гэдгийг саяхан болсон үйл явдлууд харуулж байна. Дэлхийн тэргүүлэх гүрэн АНУ-ын эрх баригчид хүртэл 17 сар хоригдсон оюутан Отто Уормберийн биеийн байдлыг дөнгөж энэ сарын эхээр мэдсэн юм.

Өчигдөр буюу Мягмар гарагт Охаио мужийн шүүх эмнэлгээс талийгаач Уормберийн үхлийн шалтгааныг гаднаас нь тодорхойлох боломжгүй гэж зарлажээ. Түүний эцэг эх нь шарилд задлан шинжилгээ хийхийг зөвшөөрөөгүй тул ийм дүгнэлтэд хүрсэн байна.

22 настай Уормберийг зургаадугаар сарын 13-нд Хойд Солонгосоос АНУ-д авчирсан бол 19-нд тэрээр нас барсан юм. Хойд Солонгосын тал түүнийг ноднин жил болсон шүүх хурлын дараахан хоолонд хордож, нойрны эм өгсний дараа ухаан алдаж, дахин сэрээгүй гэж байгаа ч үүнийг нь нотлох баримт олдоогүй байна.

Харин Америкийн эмч нар талийгаачийн тархийг цусаар хангах суваг тасарсны улмаас зүрхний шигдээс болсон байх гэж таамаглаж байгаа юм.

Уормберийг зодож тамалсан гэх шинж тэмдэг байхгүй байгааг тэд бас мэдээлсэн байна. Гэвч эцэг эх нь Хойд Солонгосын эрх баригчид хүүг нь эрүүдэн шүүснээс үхэлд хүргэсэн гэж үзэж байгаагаа илэрхийлээд байгаа юм.

Уормбер АНУ-д анх ирэхдээ ямар ч ухаан, мэдрэлгүй мөртлөө сэрүүн байдалтай байсан ба учир битүүлэг шалтгаанаар тархи мэдрэлийн хүнд гэмтэлтэй болсон гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Түүний нүд нээлттэй, анивчиж байсан ч орчин тойрондоо юу болж байгааг огт мэдрэхгүй байсан гэнэ. Нэг үгээр хэлбэл Хойд Солонгосын шоронд яг юу болсныг мэдэхээс нааш Отто Уормберийн үхлийн нууц тайлагдах аргагүй болжээ.

 

Эх сурвалж: The Guardian