Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Макроны нам Францын парламентад үнэмлэхүй олонх боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт болж өнгөрсөн Францын парламентын сонгуулиар ерөнхийлөгч Эммануэл Макроны нам үнэмлэхүй олонх болсон нь тодорхой боллоо.

Макроны төв үзэлтэй La Republique en Marche (La REM) нам болон түүнтэй ижил чиг баримжаатай Democratic Movement (MoDem) хэмээх жижиг нам нийлээд парламентын 577 суудлын 361-ыг авсан байна. Хамгийн багадаа 289 суудал авахад үнэмлэхүй олонх болдог юм.

Ингэснээр Макрон амлаж байсанчлан хөдөлмөрийн хуулийг өөрчилж, ажилгүйдлын тэтгэмж, тэтгэвэр зэргийг засварлах бүрэн эрх мэдэлтэй болж байна.

Гэхдээ энэ удаагийн сонгуулийн ирц түүхэн доод хэмжээ буюу 43 хувьтай байсан нь санаа зовоох асуудал болжээ. Ерөнхийдөө бага орлоготой хүн амтай мужуудад идэвх сул байсан нь Францын нийгэм дэхь баян, хоосны ялгаа нэмэгдэж байгааг харуулж байна.

Уламжлалт зүүн ба барууны улс төрийн намуудын парламент дахь суудал эрс буурсан нь Францын улс төрийн орчин үндсээрээ өөрчлөгдөж байгааг баталлаа. Дэлхийн II дайны дараа бий болсон гэгддэг “Тав дахь Бүгд Найрамдах Улс”-ын үед Францын баруунтнууд парламентад хамгийн бага оролцоотой үлдэж байна. Тэд 126 суудалтай болж байгаа бол эрх баригч асан Социалистууд 46 суудалтай болжээ.

Ийнхүү 16 сарын өмнө огт байгаагүй La REM нам богино хугацаанд ерөнхийлөгчийн суудлыг эзэлж, парламентад хамгийн олон суудалтай болсон нь Францын улс төрд гарч байгаагүй том өөрчлөлт юм.

Сонгуулийн ирц бага байх нь ардчилсан засаглалтай оронд хэзээ ч сайн мэдээнд тооцогдохгүй ба энэ нь Макроны засгийн газарт улам өндөр хариуцлага ноогдож байгаагийн илрэл гэж судлаачид дүгнэж байна.

Тиймээс өнөөдрийн сонгуулийн дүн бол үнэндээ ялалт биш, жинхэнэ ялалт таван жилийн дараа дүгнэгдэнэ гэж тэд бас үзжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулиар Макронтой өрсөлдөж байсан хэт барууны үзэлтэй Марин Ле Пэний нам 10 хүрэхгүй суудал авч, Ле Пэн өөрөө анх удаа парламентад суух эрхээ авч байгаа юм байна.

Ле Пэн сонгуулийн дүнгийн талаар “Шинэ парламентын хуулийн чадамжийг сонгуулийн ирц ноцтой сулруулж байна. Макрон хэдийгээр олонх болсон ч түүний бодлого энэ улсад цөөнх хэвээр байх болно” гэжээ. Макроны намаас парламентад суух хүмүүсийн тэн хагас нь улс төрд танигдаагүй шинэ хүмүүс байгаа юм. Мөн энэ удаагийн парламентад суух эмэгтэй гишүүдийн тоо эрс нэмэгдэх төлөвтэй байна.

 

Эх сурвалж: The Guardian