Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Сирийн армийн онгоцыг АНУ унагаж, Иран анх удаа гадаад орон руу пуужин харвалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Сирийн өмнөд хэсэгт үүрэг гүйцэтгэж байсан Сирийн армийн бөмбөгдөгч онгоцыг АНУ-ын сөнөөгч онгоц буудаж унагасан хэрэг Ням гарагт гарчээ.

Яг одоо Ракка хотыг Исламын улс бүлэглэлээс чөлөөлөх байлдааны ажиллагаа энд явагдаж байгаа юм. Сирийн засгийн газар Исламын улс бүлэглэлийн эсрэг байлдааны ажиллагаа явуулж байсан онгоцыг нь АНУ-ын онгоц буудаж унагасан гэж мэдээлжээ.

Харин үүний дараа Америкчууд мэдэгдэл гаргаж, Сирийн онгоц Ассадын дэглэмийн эсрэг тэмцэж байгаа Сирийн Ардчилсан Хүчнүүдийн болон өөрийнх нь холбоотон Курдын дайчдын байрлалыг бөмбөгдөж эхэлсэн тул сөнөөсөн гэсэн байна.

Мэдэгдэлд “Оройн 6:43 цагийн үед Сирийн армийн СУ-22 онгоц Сирийн Ардчилсан Хүчний байрлалыг бөмбөгдөж эхэлсэн тул Холбоотнуудын дунд байгуулсан хамтарсан хамгаалалтын тохиролцооны дагуу онгоцыг буудаж унагасан” гэжээ.

Мөргөлдөөн болсон Дэйр Эззор бүс нутаг нь газрын тосны том ордуудтай. Сирийн засгийн газар 2011 оноос хойш газрын тосны хэд хэдэн том ордуудаа босогчдод алдаад байгаа юм. Тиймээс энэ бүс нутгийн төлөө Сирийн дайнд оролцогч бүх талууд ширүүн тэмцэл явуулж байгаа ажээ.

Тэгвэл өчигдөр бас Дэйр Эззор дахь террористуудын баазад Иран улс дунд тусгалын пуужингийн цохилт өглөө. Үүнийгээ Иран улс энэ сарын 7-нд Тегеранд гарсан террорист халдлагын хариу арга хэмжээ гэж зарлажээ.

Тегеранд болсон халдлагыг Исламын улс бүлэглэл үйлдсэнээ зарласан ба халдлагын улмаас 17 хүн амь үрэгдсэн юм.

Ираны довтолгоо нь 1980-1988 оны хооронд болсон Иран-Иракийн дайнаас хойш 30 жилийн дараа тус улс анх удаагаа хилийн чанадад цохилт өгсөн явдал болсон байна.

Ийнхүү нэг өдрийн дотор Ойрх Дорнодын нөхцөл байдлыг хурцатгах үйл явдлууд болж өнгөрлөө.

 

Эх сурвалж: AFP