Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Германыг, бас Европыг нэгтгэсэн удирдагч нас эцэслэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Германы канцлерь асан Хелмут Коль өнгөрсөн Баасан гарагт 87 насандаа таалал төгсжээ. Рональд Рейган, Маргарет Тэтчер нарын хамт Өрнөдийн консерватив улс төрчдийн том “гурвал” гэгддэг байсан Коль 1989 онд Берлиний ханыг буулган, хүйтэн дайныг эцэслэж, хоёр Германыг нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Мөн 1945 оноос хойш зүүн, баруун гэж хуваагдаад байсан Европыг эргүүлэн нэгтгэж, нэгдсэн Евро мөнгөн тэмдэгтийг бий болгоход голлох үүрэг гүйцэтгэсэн улс төрчид тооцогддог. Бисмаркаас хойш хамгийн урт хугацаанд канцлерийн албыг хаасан Коль 193 см өндөр хүн байсан нь төрийн тэргүүнүүдийн хувьд бас нэгэн ховор үзүүлэлт байжээ.

1982 оноос 1998 оны хооронд тасралтгүй канцлерийн албыг хашсан Коль 2002 оноос эхлэн улс төрөөс холдсон юм.

Түүнийг улс төрийн амьдралаа дуусгахад тухайн үед дэгдсэн Христийн Ардчилсан Намын санхүүжилтийн дуулиан, 2001 онд эхнэр Ханнелоре нь амиа хорлосон явдал зэрэг нөлөөлсөн гэж үздэг.

Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн хямралын эсрэг Ангела Меркелийн явуулж байгаа хатуу бодлогыг хурцаар шүүмжилж байв. Коль энэ тухай “Die macht mir mein Europe kaputt” (Тэр миний байгуулсан Европыг сүйтгэж байна) гэж хэлсэн байдаг.

 

Эх сурвалж: The Guardian