Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын гудамжны цэвэрлэгч жилд $30,000-ын цалинтай

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Гудамжны тохижилт үйлчилгээний ажилтан буюу цэвэрлэгчийн орон тоонд өрсөлдөж байгаа 66 хүний гуравны хоёр нь дээд боловсролтой иргэд байгааг Сөүл хотын Юнпёнгу дүүргийн захиргаа Пүрэв гарагт мэдээлсэн байна.

Дүүргийн захиргаа дөрвөн хүнийг шалгаруулж ажилд авсан бөгөөд энэ нь 16.5 хүний нэгэнд боломж гарсан гэсэн үг юм. Шалгарсан иргэдийн гурав нь дээд боловсролтой бол нэг нь дунд боловсролтой байжээ.

Энэхүү шалгаруулалт нь Өмнөд Солонгост ажлын байрны төлөө өрсөлдөөн ямар ширүүн байгааг харуулж байна. Уг ажлын байрны цалин жилийн 35 сая вон буюу $30,998 орчим гэнэ.

Үүнээс гадна 60 нас хүртэл (тэтгэвэрт гарах хүртэл) алдагдахгүй, хамгийн тогтвортой ажлын байранд тооцогддог ажээ. Шалгарсан иргэд ирэх сараас ажилдаа орно гэж албаны хүн мэдээлсэн байна.

Өмнөд Солонгост энэ оны эхний байдлаар 1 сая орчим ажилгүй хүн байгаа ба ажилгүйдлын хувь 3.8 байгааг статистик тоо баримт харуулж байгаа юм.

 

Эх сурвалж: Korea Times