Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Инфляци нам дор байгаа нь сайн боловч ...

ikon.mn
2017 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний статистикийн хорооноос энэ оны нэгдүгээр улирлын байдлаар эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 959 мянган төгрөг болж өссөн тухай таатай мэдээлэл хийсэн нь халуунд бөглөрөх замын түгжээ, агаар хөөрөх модны хөвөнгийн бухимдлыг бага зэрэг ч болов тайтгаруулсан үйл явдал байв.

Энэ мэдээллийг нарийвчлан задалж үзвэл 2010 оны дөрөвдүгээр улирлаас хойш татвар, шимтгэл төлөгч бидний орлого 2.5 дахин нэмэгдсэн гэх боловч иргэд бидний баялаг төдий хэмжээгээр нэмэгдсэн гэвэл бүгд “үгүй” гэж хариулна. Зэрэглээ мэт энэ өсөлтийг эдийн засагчид бодит цалингаар хэмжих замаар “жинхэнээсээ” тодорхойлох боломжтой гэж үздэг ба бидний бодит цалин 54 хувиар нэмэгдээд байгаа аж.

Өөрөөр хэлбэл та бид 2010 оны дөрөвдүгээр улиралд өдөрт нэг талх хэрэглэдэг байсан бол өнөөдөр хагас талх илүү худалдан авдаг болсон буюу талхны үнийн өсөлт орлогын өсөлттэй их л ойролцоо байгаа юм. Зүй нь талхны үнэ өсөөгүй бол бид 2.5 дахин их талх худалдан авах байж л дээ. 

Үнийн өсөлтөөс шалтгаалан орлогын өсөлтийн хүч сулардаг юм бол тэрхүү үнийн өсөлтийг эдийн засаг дахь нийт бүтээгдэхүүний хүрээнд хэрхэн тооцох вэ гэдэг асуулт урган гарна. Манай улсын хувьд иргэдийн өргөнөөр хэрэглэдэг бараа, үйлчилгээний үнийг бүртгэж, дундаж үнийг тооцдог. Үүнд ихээр хэрэглэдэг бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт нь дундаж үнэд хүчтэй нөлөөлнө, багаар хэрэглэдэг бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт багаар нөлөөлөх зарчим баримтална.

Эцэст нь харьцуулж харахад хялбар болгох үүднээс тодорхой хугацаан дахь дундаж үнийг 100 гэж үзээд цаашид хэрхэн өөрчлөгдөхийг нь ажиглана. Үүнийг хэрэглээний үнийн индексийн аргачлал гэж нэрлэдэг ба гол сул тал нь өргөнөөр хэрэглэдэг бараа, үйлчилгээг тодорхойлох явдал байдаг. Монгол улсын хувьд 2017 оны 2-р сард хэрэглээний сагсаа шинэчлэн улсын хэрэглээний сагс нийт 12 бүлгийн 373 бараа, үйлчилгээнээс бүрдэж байна.

Шинэчилсэн сагсаар Улаанбаатар хотод 344 нэр төрлийн бараа, үйлчилгээ, аймагт 238 нэр төрлийн бараа, үйлчилгээгээр хэрэглээний үнийн индексийг тооцож байна. Жигнэсэн дундаж үнийг тооцоход ашигласан хувийн жингийн мэдээлэл дээр үндэслэн анхдагч хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өсөөд байхад яагаад улсын хэмжээнд үнийн өсөлт бага түвшинд байгаа болохыг тогтоох боломжтой боловч нийтлэлчийн зүгээс эдгээр бүтээгдэхүүний хэрэглээний сагсанд эзлэх хувийн жингийн талаар мэдээлэл олж чадсангүйд хүлцэл өчсү. Хэрэглээний үнийн индексийн өөрчлөлт гэдэг бол үнийн өсөлт байх ба үүнийг инфляци гэж нэрлэнэ. 

Манай орон үйлдвэрлэгч улс биш тул иргэдийн хэрэглээний 80 орчим хувийг импортоор худалдан авч зарцуулдаг нь валютын ханшийн өөрчлөлт инфляцид шууд нөлөөлөх мэт санагдана. Үүнийг статистикийн энгийн аргачлал ашиглан тооцож үзвэл долларын ханшийн 10 хувийн өөрчлөлт явагдсаны 9 сарын дараа инфляци 1.4 хувиар өөрчлөгддөг буюу маш бага хамааралтай байна. Эндээс хоёр салаа асуулт урган гарна.

Үүнд:

  • (i) импортын бүтээгдэхүүний хэрэглээний сагсанд эзлэх хувийн жин бага хэмжээтэй байгаа юу?
  • (ii) өргөн хэрэглээний бус бүтээгдэхүүн хэрэглээний сагсанд байдаг уу? Хариултыг уншигч авгай танд үлдээе.

Инфляцийн түвшинг 2006 оноос хойш цаг хугацааны дараалалаар авч үзвэл тодорхой жилүүдэд буурч байсан тохиолдол ажиглагдаж байгаа сонирхолтой үр дүнг та бүхэнд хүргэж байна. Тухайлбал 2008 оны 5, 6-р сар, 2009 оны 5, 6-р сар, 2012 оны 5, 6-р сар, 2013 оны 5, 6-р сар, 2016 оны 5, 6-р саруудад буурсан ба энэ нь УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгууль явагдсан жилүүдтэй давхцаж байгаа юм. Тэгэхээр сонгуулийн өмнө төгрөг долларын эсрэг чангардагтай адилаар инфляци мөн буурдаг ажээ. Иймд 2017 оны 5-р сарын байдлаар инфляцийн түвшин 0.29  хувьтай байгаа нь буурч 6-р сард үнэ буурах төлөвтэй байна гэж хүлээж болох нь. 

 

Инфляцийн түвшин өндөр байх нь орлогын хэмжээ нэмэгдсэн ч худалдан авах чадварын өсөлтийг хазаарладаг сул талтай байдаг. Монгол улсын хэмжээнд инфляцийн түвшин сүүлийн жилүүдэд нам дор байгаа нь сайн мэдээ боловч үүнийг тооцож байгаа аргачлал, түүний шинэчлэлийг олон нийтэд ил тодоор тайлагнах шаардлагатай байна. 

 

Бэлтгэсэн: С.Дашдорж, Б.Номун /СЭЗИС/