Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Нийлс Бунеман: Төв банк хэлсэн зүйлээ хийдэг байх хэрэгтэй

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Азийн Хөгжлийн Банкны зөвлөх Нийлс Бунеман өчигдөр /06.14/ "Төв банкны олон нийттэй харилцах харилцаа: Дэлхийн жишиг, Монголбанкны олон нийттэй харилцах харилцааг сайжруулах боломж" сэдвээр сэтгүүлчидтэй уулзалт, ярилцлага хийлээ.

Тэрбээр Европын Төв банкинд 16 жил, ОУВС болон Дани, Германы хэвлэлийн байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай. Нийлс Бунеман одоо Азийн Хөгжлийн Банкны зөвлөхөөр ажиллан, хөгжиж буй орнуудын Төв банкуудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг ажээ.

Азийн Хөгжлийн банкнаас ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Монголд 1.35 тэрбум ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл өгөхөөр болсон. Энэ зээлийн эхний санхүүжилт болох 250 сая ам.долларын тодорхой хувийг банкны системийг хямралаас сэргийлэхэд зарцуулах гэж байгаа билээ.

Тэрбээр “АНУ юм уу бусад хөгжсөн орнуудын хувьд бодлогын хүү нь бараг 0-тэй тэнцүү байдаг учраас олон нийтийн харилцааг бодлогоо хэрэгжүүлэх арга болгон ашигладаг.

Монголбанкны олон нийттэй харилцах харилцаан дээр хоёр зүйл их чухал байна. Эхнийх нь улс төр, Засгийн газраас хараат бусаар мөнгөний бодлого явуулах, үүнийгээ яаж тайлбарлах вэ гэдэг асуудал.

Хоёрдугаарт банкны секторын цэвэрлэгээ, Активын чанарын үнэлгээ хоёрыг хийж, үүнийгээ хэрхэн тайлбарлах вэ гэдэг нь Монголбанкны хувьд чухал байна” гэв.

Бид түүнээс сонирхсон асуултаа асуусан юм.

-Төв банкны олон нийттэй харилцах харилцаа, ил тод байдал гэдгийг хэрхэн ойлгох вэ?

-Ил тод байдал нь хараат бус, бие даасан байдлаас эхэлнэ. Энэ нь юу хийх гээд байгааг нь тодорхойлно. Тухайлбал Төв банк эдийн засаг дахь бүх асуудлыг шийдэх гээд байгаа юм уу эсвэл инфляциа шийдэх гээд байгаа юм уу гэдэг зорилго нь илүү тодорхой болно. Үүний дараа энэ асуудлаа хэрхэн шийдэх гэж байгаагаа бүх хүнд ойлгомжтой харуулна гэсэн үг.

Төв банкны хувьд төрийн эрх бүхий байгууллага. Юу хийхийг нь хуулиар тодорхой зааж өгсөн байдаг. Хуульд юу гэж заасан, түүнийгээ хэрхэн хийх вэ гэдгээ тайлбарлах нь их чухал. Бодит жишээн дээр тайлбарлавал Монголын Төв банкыг “Төв банкны тухай хууль”-иар зохицуулдаг. Энэ хууль шинэчлэгдэх гэж байгаа.

Төв банкны хоёр гол зорилтын нэг нь мөнгөний тогтвортой байдал буюу инфляци. Нөгөө гол зорилго нь санхүүгийн тогтвортой байдал буюу арилжааны банкуудын үйл ажиллагаа юм. Хуулиар олгогдсон энэ хоёр зорилтоо яаж хангах гэж байгаа вэ гэдгээ тайлбарлах нь Монголбанкны олон нийттэй харилцах харилцааны цөм нь юм. Тиймээс Инфляцийн төлөв байдлын тайлан, Санхүүгийн тогтвортой байдлын тайлан гээд Төв банкны гаргаж буй хоёр чухал бүтээгдэхүүнээ чанартай, сайн гаргаснаараа ил тод байдал хангагдана.

-Монголд улс төрчид Төв банкны өмнөөс худал ярих, хүлээлтэд нөлөөлөх мэдээллийг олон нийтэд тараадаг. Ийм тохиолдолд яах ёстой байдаг вэ?

-Улс төрчид Төв банкны өмнөөс ярих нь маш түгээмэл байдаг. Олон нийттэй харилцах харилцааны хамгийн тулгуур зүйл нь итгэл.

Тиймээс Төв банк хэлсэн зүйлээ хийдэг л байх хэрэгтэй. Худлаа ярьж болохгүй.

Одоо хэдийгээр иргэд улс төрчдөд илүү итгэж байж болох ч цаг хугацааны явцад Төв банканд илүү итгэдэг болно. Ихэнх улс орнуудад олон нийт нь улс төрчдөөс илүү Төв банкандаа итгэдэг. 

-Манай улсад Төв банкны Ерөнхийлөгч 6 жилээр томилогддог хэдий ч хугацаанаасаа өмнө ажлаа өгдөг. Сонгуульд ялсан нам нь Төв банкныхаа Ерөнхийлөгчийг томилдог. Тийм учраас олон нийт энэ албан тушаалыг улс төртэй холбож ойлгох нь бий. Энэ тохиолдолд яах вэ?

-Төв банкны Ерөнхийлөгчийг яаж томилж, огцруулж байгааг нь эхлээд харах ёстой. Одоо шинээр батлагдах гэж буй Төв банкны тухай хуулинд энэ процесс юу гэж заагдсан байгааг бас шалгаж харах нь чухал.

Хуулиндаа сонгуулийн циклиэс зөрж байж тогтвортой ажиллах боломж бүрдэнэ. Улс төрийн шалтгаанаар ажлаас нь татахаас хамгаалсан зохицуулалт маш чухал юм.

-Та Европын Төв банкинд олон жил ажилласан. Төв банкны Ерөнхийлөгч нь хэдэн жилээр томилогддог вэ?

-Европын Төв банкны хувьд ярьвал анх 1999 онд байгуулагдахдаа Ерөнхийлөгчөө 8 жилээр томилдог, тусгай Ёс зүйн хороо л буулгах эсэхээ шийддэг. Ямар нэгэн гэмт хэрэг, албан үүргээ урвуулж ашигласан үйл ажиллагаа л явуулахгүй бол өөр үндэслэл, ялангуяа улс төрийн шалтгаанаар огцруулдаггүй.

-Банкны салбарын хямрал болох гэж байгаа гэсэн хүлээлт зарим хүнд байх шиг байна. Та Монголын банкны салбарын талаар ямар үнэлэлт, дүгнэлттэй байгаа вэ?

-Энэ тухайд нарийн ярихад хэцүү байна. Активын чанарын үнэлгээ хийх гэж байгаа гол зорилго нь банкны системд итгэх итгэлийг нэмэгдүүлэх юм. Үр дүн ямар байх нь одоогоор тодорхойгүй.

Хэрвээ олон нийт тэгж итгэж байгаа бол итгэлийг нь Активын чанарын үнэлгээ сэргээх боломжтой.