Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

40-65 насны иргэдийн хепатитийн В, С вирүсийн ҮНЭГҮЙ шинжилгээнд хэрхэн хамрагдах вэ?

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Нийслэлд оршин сууж байгаа 40-65 насны /1952.01.01-1977.12.31-ний хооронд төрсөн/ иргэдийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил энэ сарын 15-ны өдөр буюу маргааш нийслэлийн 9 дүүрэгт  нэгэн зэрэг эхэлнэ. Шинжилгээнд хамруулах ажил 2017 оны есдүгээр сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Иймд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрагдах хүсэлтэй 40-65 насны иргэд эрүүл мэндийн даатгалын 2016, 2017 оны шимтгэлийг бүрэн төлсөн байх шаардлагатай юм байна.

Хепатитийн В, С вирүсийн шинжилгээ өгөхдөө өрхийн эрүүл мэндийн төвдөө баталсан хуваарьт өдрөө ирж бүртгэл хийлгэн, эмчид асуумжийн дагуу зохих мэдээллийг үнэн, зөв өгсний дараа цусны шинжилгээ өгнө.

Бүрдүүлэх бичиг баримт:

  1. Иргэний үнэмлэх
  2. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /ЭМД-ын дэвтэр шимтгэл төлсөн, зөрчилгүй байх/
  3. Амбулаторийн үзлэгийн карт /Картгүй иргэд шинээр нээлгэх боломжтой/.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр батлагдсан. Тус хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 дугаар  сарын 12-ны өдрийн хамтарсан тушаал гарч даатгуулагчийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулах, даатгалын сангаас зардлын төлбөрийг санхүүжүүлэх журам батлагдан гарсан.

Энэхүү шийдвэрийг үндэслэн нийслэлийн Эрүүл  мэндийн газраас Улаанбаатар хотод илрүүлэг шинжилгээг хийх эмч, мэргэжилтнийг бэлтгэж сургах, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, шинжилгээний материалын бэлэн байдлыг хангах, өрхийн эрүүл мэндийн төв дээр хороо, хэсгээр нь эмх, замбараатай, хүлээгдэл чирэгдэлгүй шинжилгээнд хамруулах хуваарийг боловсруулах зэрэг олон төрлийн бэлтгэл ажлыг зохион байгуулжээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар