Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуультай холбоотой мэдээллийн 58 хувийг захиалгатай, төлбөртэй нэвтрүүлгийн цаг эзэлж байна

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

"Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллага болох Глоб интернэшнл төв нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ), Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ)-ноос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа аж.

Өнөөдөр Сонгуулийн сурталчилгаа эхлэснээс хойшхи эхний 7 хоногийн хугацаанд хийгдсэн мониторингийн үр дүнг танилцууллаа.

Төслийн удирдагч Б.Онон "Бид 2005 оны ерөнхийлөгчийн сонгуулиас хойш энэхүү мониторингийг хийж байгаа. Мониторингийн зорилго нь МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгааны үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд (ХМХ)-ийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, ХМХ-ээр явуулж буй сурталчилгааны тэгш, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж буйг олон нийтэд ойлгуулах, далд сурталчилгааг илрүүлэх, Сонгуулийн тухай хууль болон ХХЗХ, СЕХ-ны хамтран баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих” журмын хэрэгжилтэд хяналт тавих явдал юм.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн телевизийн мониторингд МҮОНТ, TV9, 25 дугаар суваг, С1, UBS гэсэн 5 телевизийг хамруулахаар сонгосон. Эдгээр телевизүүдийг сонгохдоо Хэвлэлийн хүрээлэн, Максима ХХК-ны 2016 оны судалгаанд суурилж, олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, цаг үеийн мэдээний хөтөлбөр нэвтрүүлдэг, зах зээлд дөрвөөс дээш жил оршин тогтносон, нэр дэвшигчийн хамаарал зэрэг шалгуурыг үндэслэсэн" гэв.

Сурталчилгааны нэгдүгээр үе буюу 2017 оны зургаадугаар сарын 6-9 хооронд гарсан үр дүн

1. Тайлангийн хугацаанд 5 телевизийн 353 цаг 49 минут 52 секундийн нэвтрүүлэгт мониторинг хийснээс 20 цаг 34 минут 29 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байсан. Энэ нь нийт эфирийн 6 хувийг эзэлж байна.

 

2. Албан ёсны сонгуулийн сурталчилгаа эхэлсэн 4 хоногийн хугацаанд МҮОНТ нэр дэвшигчдэд тун ойролцоо цаг хуваарилсны хамгийн ихийг буюу 35 хувийг МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар эзэлсэн бол 34 хувийг АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад оноосон байна. Харин МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод 31 хувьтай тэнцэх цаг оногджээ.

Бусад арилжааны телевизүүдийн хувьд нэг нэр дэвшигчийг онцлон илүү цаг оноосон нь ажиглагдсан байна. Тухайлбал “TV9” телевизэд С.Ганбаатар нэр дэвшигчийн мэдээлэл давамгайлж 38 хувийг эзэлсэн бол UBS телевизэд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 43 хувьтай тэнцэх цаг эзэлсэн нь бусдаасаа илүү байна. Харин АН-аас нэр дэвшигч Х.Баттулга “С1” телевизийн мэдээллийн 74 хувь, 25 дугаар суваг телевизийн мэдээллийн 40 хувийг эзлэв.

3. Төвийг сахисан өнгө аястай мэдээлэл хомс байна. Учир нь захиалгат, төлбөртэй мэдээлэл дийлэнх хувийг эзэлж буйтай холбоотой юм. 5 телевизийн дунджаар магтаж сайшаасан өнгө аястай мэдээлэл 76 хувиар давамгайлж байна. МҮОНТ-ийн мэдээллийн 73 хувь нь эерэг хандлагатай байсан бол “25 дугаар суваг”, “UBS” телевизийн мэдээллийн 87 хувь нь эерэг хандлагатай байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. 

 

4. 5 телевизийн дунджаар нийт сонгуультай холбоотой мэдээллийн 58 хувийг захиалгатай, төлбөртэй нэвтрүүлгийн цаг эзэлж байна. МҮОНТ-ийн нийт сонгуулийн холбогдолтой мэдээллийн 75 хувийг захиалгат нэвтрүүлгийн цаг эзэлж байна.

5. МҮОНТ-ийн мэдээлэлд далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл илрээгүй нь сайшаалтай байна. Урьд өмнөх УИХ-ын болоод Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хийж байсан мониторингийн дүнтэй харьцуулахад энэ нь чухал дэвшил гэж үзэж байна. 

Харин хамгийн бага далд сурталчилгааг UBS телевиз цацсан нь 7 хувь байна. Далд сурталчилгаа нь хэлбэрийн хувьд авч үзвэл хуулийн зүйл заалтад тусгагдаагүй ч, олон улсын хэм хэмжээгээр далд сурталчилгааны хэв шинжийг агуулсан мэдээлэл ихээр илрэв.

6. Хараат бус, сонгогчдын боловсролд зориулсан сэтгүүл зүйн бүтээл дутмаг байна. 5 телевизийн дунджаар сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл нийт сонгуультай холбоотой мэдээллийн 22 хувийг эзэлж байна. МҮОНТ-ийн сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл 25 хувьд хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт бол “25 дугаар суваг” телевизийн сонгогчдын боловсролтой холбоотой мэдээлэл хамгийн бага хувийг эзэлсэн нь 17 хувьтай байна.

7. Сонгуулийн тухай хуульд заасан цагийн хязгаарлалт буюу 82.5 /60 минут/, 82.6 /15 минут/, 82.14 /5 мин/ дахь заалтуудыг зөрчих нь харьцангуй бага байгаа нь сайшаалтай байгаа аж.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.