Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадад оршин суугаа 4,816 иргэн саналаа өгч, ирц 66.8 хувьтай байжээ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Гадаадад суугаа Монгол Улсын иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг 2017 оны зургаадугаар сарын 10, 11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулсан талаар өнөөдөр Төв комиссоос мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн сонгуулиар гадаадад суугаа Монгол Улсын иргэдээс санал авах ажлыг зохион байгуулахаар 33 улсад 45 салбар комисс байгуулагдан ажилласан.

Гадаадад суугаа сонгогчдын саналыг Сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ-аас тогтоосон өдрүүдэд /зургаадугаар сарын 10, 11/ тухайн орон нутгийн цагаар 07:00 цагаас 22:00 цагийн хооронд авах ёстой учир хамгийн эхэнд Австрали Улсын Канберра хот дахь салбар комисс санал хураах ажиллагаагаа Улаанбаатарын цагаар 10-ны өдрийн 05:00 цагт эхлүүлсэн бол хамгийн сүүлд АНУ-ын Сан Франциско хот дахь салбар комисс Улаанбаатарын цагаар 6 дугаар сарын 12-ны өдрийн 13:00 цагт дуусгалаа.

Гадаадад суугаа монгол иргэдээс энэ удаагийн сонгуульд оролцож саналаа өгөхөөр 7,209 иргэн бүртгүүлж баталгаажсанаас 4,816 иргэн саналаа өгч, ирц 66.8% байв.

Сөүл, Бээжин, Вашингтон зэрэг 11 салбар комисс дээр МАН, АН-аас томилогдсон 19 ажиглагч санал хураах ажиллагаанд оролцсон болно.

Гадаадад санал өгсөн иргэдийн саналыг 6 дугаар сарын 26-ны өдөр тоолно.

Facebook, Twitter зэрэг мэдээллийн олон нийтийн сүлжээгээр тодорхой нэг нэр дэвшигчийг ийм, тийм улсад ялалт байгуулсан мэт олон нийтэд буруу ойлголт өгөх мэдээлэл гарч байна.

Сонгуулийн тухай хуулийн 98 дугаар зүйлд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо гадаадад саналаа өгсөн иргэдийн саналыг тоолох ажиллагааг өөрийн байрандаа 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 22:00 цагт хийж эхлэх юм. Иймд энэхүү мэдээлэл нь хууль зүйн үндэслэлгүй, буруу мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.