Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Ганхуяг: Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүн өөрөө үлгэр дуурайлал болох ёстой

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 6 сарын 12
iKon.MN

МАН-ын бага хурлын гишүүн, эдийн засагч Ч.Ганхуяг зургаадугаар сарын 9-ний өдөр Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг офшор бүсэд их хэмжээний мөнгөтэй хэмээн бичлэг хийж, олон нийтэд цацсан билээ. ЭНД дарж үзнэ үү. Энэхүү бичлэгт Х.Баттулгыг офшор бүсэд бүртгэлтэй компаниудтай холбоотой тухай мэдээлэл бий. 

Харин түүний дараа буюу зургаадугаар сарын 11-ний өдөр нэр дэвшигч Х.Баттулгын талаарх уг мэдээллийг үгүйсгэсэн бичлэг цацагдсан. Тайлбарыг эдийн засагч Х.Батсуурь хийснийг ЭНДЭЭС үзнэ үү.

Өнөөдөр Ч.Ганхуяг өөрийн цацсан мэдээллийг батлах зорилгоор хэвлэлийн бага хурал хийлээ. Мөн энэхүү хэвлэлийн бага хуралд Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр оролцсон юм.

 
Гэрэл зургийг MPA.mn

Ч.Ганхуяг хэвлэлийн хурлаар “Офшор бүтэц гэдэг нь хэн нэгнээс ямар нэг зүйлийг далдлах зорилгоор компаниудыг бие биед нь эзэмшүүлээд, өөрөө эзэмшиж буй хувь, компани дээр тавьж буй хяналтаа далдлах зорилготой байдаг. "Wealth X" сайт Х.Баттулгыг 1.1 тэрбум ам.долларын өөрийн хөрөнгөтэй гэжээ. Энэ нь бараг 2.5 их наяд төгрөг гэсэн үг. Хүн бүр орлого олж болно. Энэ мөнгийг олсон юм бол хэчнээн хэмжээний татвар төлсөн бэ? гэдэг асуулт тавигдана.

Х.Баттулга офшор компаниудтай яаж холбогдож байгаа тухай:

“Camex” ХХК нь 2006 онд байгуулагдсан. Энэ компанийг 2006 онд Х.Баттулга гэдэг хүн үүсгэн байгуулсан. Анх энэ компанийг байгуулаад Я.Батсүх гэдэг хүнээр дамжуулж олон удаа шилжүүлсэн байгаа. Ингэж явсаар Сингапур улсын иргэн рүү шилжүүлсэн.

“Сamex” гэдэг компани яагаад асуудал үүсгээд байгаа вэ?

 

Зургаан иргэн “Best State” компанийн 60 хувийг эзэмшиж байна. Энэ компани нь доорх /Target Company хэмээн бүдүүвчинд бичсэн/ компанийнхаа 100 хувийг эзэмшиж байна, тэрхүү компани нь “Camex Pte” офшор компаниа эзэмшдэг, харин энэ компани нь Монголын улсын бүртгэлд бүртгэлтэй “Camex” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг.

“Camex” ХХК-ийн доор Төгрөг нуурын хүрэн нүүрсний уурхай, ашиглалтын таван лиценз, хайгуулын таван лицензтэй компаниудыг шилжүүлээд өгчихсөн байна.

“Ming Hing” гэдэг компани яагаад асуудал болоод ирэв гэхээр дээрх бүдүүвчинд харагдаж буй Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Camex Pte” компанийн жинхэнэ эзэн болж байна. "Ming Hing" компани энэ компанийг 255 сая ам.доллараар авахын тулд учир замбараагүй олон гүйлгээ хийснийхээ дараа “Mongolia Investment Group” болж нэрээ өөрчилсөн тухай Хонг Конгийн хөрөнгийн биржийн цахим хуудаснаар мэдээлэл авч болно.

Яагаад энэ бүхэнтэй холбоотой вэ гэвэл түрүүний бүдүүвчинд харагдаж буй “Best State” компанийн дээр зургаан хүн бий. Энэ зургаан хүн “Mongolia Investment Group”-ийн хувьцаа эзэмшигч гэсэн бүртгэлтэй. Энэ нь зургаан хүн дотор Б.Оргилсүрэн, М.Бөхбат, Я.Батсүх нар буюу “Баянгол” зочид буудлын захирал, түүний гэр бүл, Жүдо бөхийн холбооны захирал, түүний гэр бүл, мөн Х.Баттулгатай хамгийн ойр ажилладаг хүн байгаа юм.

 

Дээрх компанийн эзэмшиж байгаа ашиглалтын болон хайгуулын лицензүүдийг бид баталгаажуулсан, хөдөлшгүй баримтаар нотлогдсон зүйл. Тухайлбал “Camex” ХХК-ийн хаяг нь Баянгол зочид буудалд байдаг гэж Хонг Конгийн хөрөнгийн биржийн мэдээллээс харж болно.

Стратегийн 39 ордыг багтаасан жагсаалт бий.  Энэ жагсаалтад Төгрөг нуурын хүрэн нүүрсний уурхайг Багануур, Налайхын нүүрсний уурхай дуусвал Улаанбаатарыг цахилгаанаар хангах нүүрсний орд гэж тодотгож өгсөн” гэв.

 
Гэрэл зургийг MPA.mn

Энэ мэдээллийн талаар Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр “Олон удаа яригдаад буй “Camex” ХХК гэж энэ компанийг Х.Баттулга 2006 онд 90 хувийг нь өмчилж байсан нь тодорхой болсон.

2015 оны хуулиар Хуулийн этгээдийн бүртгэлийн талаарх мэдээллийг дурын иргэн авах боломжтой болсон. Энэ компани яагаад 2006 онд өөр этгээдийн нэр дээр шилжив гэхээр 2006 онд УИХ Авлигалын эсрэг хуулийг шинэчлэн баталж, энэ хууль 2007 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Энэ хуулийг хүчин төгөлдөр үйлчлэхээс гурван сарын өмнө “Camex” компанийг Хонг Конгд шилжүүлж, 250 сая ам.доллараар зарсан.

Ер нь Төгрөг нуурын ордтой холбоотой “Camex” компанийг Монгол хүн эзэмшээд байгаа юм уу, гадаад хүн эзэмшээд байгаа юм уу гэдэг асуудалд хариулт өгөх хэрэгтэй. Ялангуяа Хонг Конгд бүртгэлтэй офшор компаниудтай Х.Баттулга ямар сэжмээр холбогдоод байгаа вэ гэдэг асуудлыг Ч.Ганхуяг тодорхой тайлбарлалаа гэж бодож байна” гэв.

"Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүн ийм үйлдлүүд дээрээ тайлбар хийж, ард иргэдэд нээлттэй байх ёстой"
 
Гэрэл зургийг MPA.mn

Сэтгүүлчдийн асуултад хариулав

-Нэр дэвшигч Х.Баттулгыг офшор компанитай холбоотой болохыг та хэзээ илрүүлсэн бэ. Яагаад заавал сонгуулийн үеэр дэлгэж байгаа юм бол?

Ч.Ганхуяг: Энэ мэдээллүүд бүгд нээлттэй байгаа. Өмнө нь офшорын тухай хамгийн их ярьж, нийгмийг асар их бухимдуулсан хөдөлгөөнийг улс төрийн зорилготой зарим хүмүүс явуулсан. Энэ үеэс би судалж эхэлсэн. Үүнийг ухаж гаргаж эхлэхэд цаг хэрэгтэй.

-Бизнесийн салбарт ажиллаж байсан, олон компанитай хүн учраас бизнесийн зорилгоор офшор компани ашигласан байж болох юм. Та өөр хүмүүсийн ийм асуудлыг ухаж үзсэн үү?

Ч.Ганхуяг: Би МАН-ын гишүүн, төрийн өндөр албан тушаал хашиж байсан. Фэйсбүүк дээр ч гэсэн намайг бусад хүмүүсийн талаар бичээч гэдэг. Би өнөөдөр шийдвэрээ гаргачихсан. Нэг талдаа байгаа.

Төрийн хамгийн дээд албан тушаалд нэр дэвшиж байгаа хүн өөрөө үлгэр дуурайлал болох ёстой. Хэрвээ надад офшор данс илэрвэл би огцорно гэх мэт том мэдэгдэл хийчихээд ийм байж болохгүй. Нөгөө талдаа улс төрийн өрсөлдөгчдөө ард түмний мэдээлэлгүй байгааг далимдуулж намнах үйл ажиллагаа явуулсан.

Өнөөдөр би зөвхөн нууж далдалсан байгаа мэдээллийг ил болгох зорилгоор олон нийтэд нээлттэй байгаа мэдээллүүдийг хүргэж байна.

-Офшорын эсрэг хууль батлагдсан. Гурван сарын хугацаанд офшор компаниа мэдээлэх боломжтой. Нэр дэвшигч Х.Баттулга холбоотой компаниудаа мэдээлсэн байгаа юу?

Б.Энхбаяр: Хуулийн хугацаа нь наймдугаар сарын дундуур дуусна. Хугацаа нь болоогүй байгаа. Тиймээс наана нь энэ асуудлыг мэдүүлж, сонгуулийн өмнө эргэлзээ, тээнэгэлзээг арилгаач гэсэн асуудлыг бид тавьж байна.

-Х.Баттулга танай гэр бүлтэй бизнес хийдэг байсан, гэр бүлийн найзууд гэх мэдээлэл байна. Энэ баримтуудыг дэлгэж байгаа гол зорилго чинь юу вэ?

Ч.Ганхуяг: Хувь хүний асуудал байхгүй. Х.Баттулга бид хоёрын хувьд асуудал байхгүй. Өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүн ийм үйлдлүүд дээрээ тайлбар хийж, ард иргэдэд нээлттэй байх ёстой. Бизнесийн орчин, эдийн засаг тогтвортой байх ёстой. Монгол Улсад хагарал бутрал хэрэггүй гэдэг утгаар нь би энэ мэдэгдлүүдийг хийж байна.  

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.