Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямбаяр: Эсийн эмчилгээний хамгийн чухал оношилгооны аппаратыг АШУҮИС нэвтрүүлсэн

Н.Батзаяа, Монголын мэдээ
2017 оны 6 сарын 8
Монголын мэдээ
Зураг зураг

Япон улсын РИКЕН хүрээлэнгийн дархлаа судлаач эрдэмтэн, АШУҮИС-ийн зөвлөх, зочин профессор Д.Нямбаяртай ярилцлаа.

-Анагаахын салбарын хөгжилд эмч мэргэжилтнүүдийн чадвараас гадна тоног төхөөрөмж чухал байр суурь эзэлдэг. АШУҮИС орчин үеийн дэвшилтэт шинэ тоног төхөөрөмж суурилуулсан гэлээ. Ямар тоног төхөөрөмж суурилуулав. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

 -АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимд дэлхийн өндөр хөгжилтэй, хөгжингүй орнуудад хэрэглэдэг гурван лазер, арван параметрээр зэрэг үздэг Герман улсад үйлдвэрлэсэн “Урсгал эсийн тоолуур” аппаратыг Монгол Улсад анх удаа суурилууллаа. Энгийнээр тайлбарлавал, таны цусанд байгаа дархлааны эсүүдийг тоолох юм. Хүний биед олон янзын дархлааны эсүүд бий шүү дээ, тэр бүхний тоог нь гаргаж ирнэ.

Өөрөөр хэлбэл таны дархлааг ямар түвшинд байгааг уг аппаратын тусламжтайгаар нарийн тодорхой мэдэх боломжтой юм. Уг аппаратыг хавдрын эсрэг эмчилгээний үр дүнг хянах, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын дараах өвчтөний дархлаа хяналт гэх мэт олон зорилгоор хэрэглэж болно. Манай улсад төдийгүй дэлхийн хэмжээнд хамгийн сүүлийн үед хэрэглэж байгаа дэвшилтэт технологи юм.

Тэгэхээр маш олон боломж монголчууд бидэнд нээгдэж байгаа гэсэн үг. Тэр дундаа энэхүү технологи нь эсийн эмчилгээний суурь болж өгөх бөгөөд дархлааны эсийн шинжилгээг хөгжингүй улсуудын төвшинд хийх боломжийг олгож байна. 

-АШУҮИС-ийн эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс дархлаа тоолуулах шинжилгээнд хамрагдах боломжтой юу? 

-Тийм. АШУҮИС-ийн эмнэлэг энэ төрлийн шинжилгээг хийх боломж нээгдэж байна гэж ойлгож болно. Би Япон улсад энэ чиглэлээр ажилладаг. Хажуугаар нь АШУҮИС-ийн зөвлөх, зочин профессор хийдэг. Энэ хүрээнд уг тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулахаар хоёр хоногийн өмнө Японоос ирсэн. Энэ долоо хоногт тоног төхөөрөмжөө ашиглалтад оруулахаар сургалт явуулж, боловсон хүчнээ бэлтгэж байна.

Жишээлбэл, дэлхий нийтээр эсийн эмчилгээний талаар ярьж байна. Эсийн эмчилгээний хамгийн чухал оношилгооны аппарат Монгол Улсад орж ирлээ гэж ойлгож болно. Та өөрийнхөө эсийг тоолуулахад шинжилгээний хариугаар NK эс цөөрсөн гэх онош гарсан гэж бодъё. NK эс нь хүний биед хавдар үүсэхээс хамгаалдаг. Цөөрсөн байвал хавдраар өвчлөх магадлал өсдөг гэсэн үг. Тиймээс шинжилгээний хариуг хараад тохирсон эмчилгээг хийх боломж бүрдэж байгаа юм.

-Манай улсын анагаахын салбарт гадаад болон дотоодын хөрөнгө оруулалт, санхүүжилтээр өндөр хүчин чадалтай, сүүлийн үеийн тоног төхөөрөмж орж ирдэг. Харамсалтай нь тухайн тоног төхөөрөмжийн цаашдын үйл ажиллагааг хэвийн авч явах, техникийн ажилчин, боловсон хүчнийг бэлтгэдэггүй. Түүнээс болж амархан гэмтэл гарч, үйл ажиллагаа нь зогсонги болдог. Энэ талаар хэр анхаарч байна вэ?

-Яах аргагүй өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж ирэхэд ард нь түүний үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх асуудал гарч ирдэг. Тиймээс одоогийн байдлаар таван хүнийг сургалтад хамруулж байна. Ингэхдээ эмч, эрдэмтэн судлаачдыг түлхүү хамрууллаа. Учир нь тоног төхөөрөмжийн компанийн инженерүүд Япон улсаас жилд хоёр удаа ирж, засвар үйлчилгээ хийнэ.

Мөн ямар нэгэн эвдрэл гэмтэл гарлаа гэхэд Монголд ирж засаж өгнө. Манай улсад тусламжийн шугамаар ч юм уу, ямар нэгэн байдлаар орж ирсэн зарим чухал тоног төхөөрөмжүүд музейн үзмэр шиг л байх тохиолдол гардаг шүү дээ. Бид тоног төхөөрөмжийнхөө хэвийн үйл ажиллагааг хангахын тулд шаардлагатай багаж хэрэгсэл болон урвалж бодисуудыг бүгдийг бэлтгэсэн.

-Сүүлийн үед манай улсын залуучуудын дархлаа их суларсан гэж ярих болсон. Суларсан эсэхийг тогтоосон судалгааны ажил байдаг уу?

-Одоогоор нарийн тогтоосон зүйл байхгүй. Харин хүмүүсийн дундах яриа үнэн эсэхийг уг шинжилгээний аппарат тогтоох юм. Хүмүүс субьектив зовиураа дархлаатай холбож ойлгоод байдаг. Уг аппаратыг хэрэглэж эхэлснээр үнэхээр дархлаа нь муудсан эсэхийг бодитоор харах боломжтой.

-Та Япон улсад 10 гаруй жил эрдэм, шинжилгээний чиглэлээр ажиллаж байна. Ер нь манай улсын анагаахын боловсролын салбар хөгжихийн тулд цаашид юу хийх хэрэгтэй гэж харж байна вэ. Бусад улсуудтай харьцуулахад хөгжлийнхөө аль төвшинд явж байна вэ?

-Би АШУҮИС-ийг 2001 онд төгссөн. Үнэнийг хэлэхэд одоогийн АШУҮИС-ийг миний сурч байх үетэй харьцуулахад газар, тэнгэр шиг ялгаатай. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд үнэхээр үсрэнгүй хөгжиж байна. Эрдэм, шинжилгээ, судалгаа болон боловсон хүчнийг бэлтгэх талаар маш их анхаарах болсон. Тухайлбал, АШУҮИС-д дэлхийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж суурилагдлаа. Өдөр бүр сайжирч байгаа нь нүдэнд илт харагддаг.

Би сургуулийнхаа зөвлөхөөр ажиллаж байна. Үнэнийг хэлэхэд, Японы шилдэг том сургуулиудад байхгүй зарим тоног төхөөрөмж манай сургуульд байх жишээтэй. Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад манай төгсөгчид суралцаж байна.

-Одоогоор Япон улсад ямар эрдэм шинжилгээний бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Хавдар гэдэг хамгийн аюултай. Хавдрыг мэс заслын аргаар болон химийн эмчилгээгээр устгаж болно. Гэхдээ дэлхийн анагаахын шинжлэх ухааны төвшинд үзэхэд, хамгийн аюултай нь хавдар дахидаг бас үсэрхийлдэг. Хэчнээн хавдартай хэсгийг нь авсан ч үсэрхийлээд дахидаг. Үүнийг бүрмөсөн устгах аргыг боловсруулж байна. Ирэх оны дөрөвдүгээр сараас Япон улсад эмчилгээгээ эхэлнэ. Би Японд хэрэглэх эмчилгээний технологийг Монголд оруулж ирэх бодолтой байгаа. Хэрвээ тэгвэл манай улс уг аргыг нэвтрүүлсэн анхдагч орон болох юм. Үүний бэлтгэл ажлын хүрээнд уг аппаратыг АШУҮИС-д суурилууллаа.

Зураг