Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Нэр дэвшигчээ нээлттэй мэтгэлцүүлэхийг АН-д уриаллаа

С.Уянга, Зууны мэдээ
2017 оны 6 сарын 6
Зууны мэдээ
Зураг зураг

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг олон нийтийн өмнө нээлттэй мэтгэлцүүлэхээр парламентад суудалтай гурван намын төлөөлөл хэд хэдэн удаа уулзаж тохирсон ч АН-ын сонгуулийн штабаас өчигдөр гэнэт татгалзсан хариу өгчээ.

Тиймээс МАХН, МАН-ын төлөөлөл  Б.Тулга, Л.Оюун-Эрдэнэ нар олон нийтэд хандаж Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг гурван багц асуудлаар шударгаар мэтгэлцүүлэхийг АН-д уриаллаа. Хоёр намын төлөөлөл хов биш холыг харсан бодлого ярихад иргэд, иргэний нийгмийн байгууллагууд АН-ыг шахаж өгөөч. Улс төрийн соёл, зөв жишгийг тогтооё хэмээн уриалсан юм.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: ГУРВАН НАМЫН АСУУДАЛ БИШ ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭ СОНГОХ УЛС ТӨРИЙН СОЁЛ

-Төрийн тэргүүний өмнө тавигдаж байгаа хуулиар хүлээгдсэн үүргээ хэрхэн биелүүлэх вэ гэдгээ олон нийтийн өмнө нээлттэй мэтгэлцэх байдлаар илэрхийлэх нь нэр  дэвшигчдийн дотоод итгэл үнэмшил, давуу болон сул талыг тодорхойлох чухал алхам гэж үзсэн. Дэлхий нийт мэтгэлцээнээр дамжуулж төрийн тэргүүнээ сонгодог тогтсон жишигтэй. Өнгөрсөн нэг сард гурван намын ЕНБД нар уулзаж төлөөлөх ажлын хэсгийг томилсон.

Гурван телевизээр гурван бямба гаригийн 21:00 цагаас нэг цаг 30 минутын хугацаатай мэтгэлцээнийг хийх нь зүйтэй гэж үзсэн. Хууль эрх зүй шударга ёс, эдийн засаг, гадаад бодлоготой холбоотой асуудлыг багцалж мэтгэлцүүлэхээр болсон. Гэвч АН-ын сонгуулийн штаб хуралдаад гурван шатны мэтгэлцээнийг хийх боломжгүй. Нэг шатны мэтгэлцээн хийсэн тохиолдолд бидний сонгосон телевизээр гаргах ёстой гэсэн шаардлага тавьсан.

Энэ нь иргэдийн мэдэх, асуух эрхэнд халдаж байгаа харамсалтай зүйл болж байна гэж бид үзэж байна. Нэгнээ гүтгэж, гүжирдэх биш бодлого ярьж өрсөлдөхийг нийгэм шаардаж байна.  Тиймээс АН-ыг уриалж өгөөч. Ардчилал ил тод байдлын төлөө шийдвэрээ эргэж харна гэдэгт итгэлтэй байна. Энэ бол гурван намын асуудал биш төрийн тэргүүнээ сонгох улс төрийн соёл юм.

МАХН-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулга: НЭР ДЭВШИГЧДЭД ӨӨРСДИЙГӨӨ ТАНИУЛАХ БОЛОМЖИЙГ ОЛГОЁ

-Монголчууд ирэх дөрвөн жил шударга байх эсэхийг шийдвэрлэх чухал сонголтын өмнө ирээд байна. Энэ чухал сонголтыг эзэн тодроогүй хов живийн байдлаар сонгох биш шударгаар мэтгэлцүүлэх санал хүсэлтийг иргэдээс ирүүлсэн. Гурван намын төлөөлөл уулзаж Ерөнхийлөгчөө сонгодог шинэ соёлыг бий болгох тал дээр санал нэгдэж, намын удирдлагууддаа мэдэгдсэн. Гэвч АН-аас гэнэт татгалзсан хариу өглөө.

МАН 18 хоногт гурван удаа, МАХН таван удаа мэтгэлцэх санал тавьсан ч ярилцаж тохироод гурван удаа мэтгэлцэхээр санал нэгдсэн. 18 хоногийн хугацаанд гурван бямба гариг таарч байгаа. АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай 21 аймгийг тойрох учраас нэгээс дээш удаа мэтгэлцэх боломжгүй гэсэн. Бидний хувьд ч мэтгэлцээнээс болоод хөдөө орон нутагт ажиллах хуваариа батлуулж чадахгүй байгаа.

Монгол Улсын гурван сая иргэнийг төлөөлөх хүн сонгуулийн сурталчилгааны хугацаанд дор хаяж гурван удаа өрсөлдөгчтэйгөө хамт суугаад ярилцаж өөрсдийгөө харуулах ёстой гэдэг саналтай байгаа. Монголын ард түмэн шударга сонголт хийхэд дөхөм болно. Тиймээс АН-ыг уриалж байна. Цэвэр мэтгэлцээний журмаар нэр дэвшигчдэд өөрсдийгөө таниулах боломжийг олгоё.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.