Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

IV цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр боллоо

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна.

Ерөнхий сайд Монгол Улс, ОХУ хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцсон юм.

Энэ үеэр Эрчим хүчний сайд П.Ганхүү "Уралын Турбины үйлдвэртэй дөрөвдүгээр цахилгаан станцын турбиныг шинэчлэх” санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ талаар Эрчим хүчний сайд П.Ганхүү "Монгол Улсын эрчим хүчний салбарыг ОХУ-ын дэмжлэгтэйгээр байгуулсан. ОХУ-д сурч төгссөн боловсон хүчнүүд Монголын эрчим хүчний системийг өнөөг хүртэл авч явж байна. Бид цаашдаа эрчим хүчний салбараа өргөжүүлж, бэхжүүлэх чиглэлээр олон ажлууд хийж байгаа. Манай Засгийн Газар байгуулагдсанаасаа хойш энэ харилцааг шинэ түвшинд гаргахаар ажиллаж байгаа.

Өнөөдөр тодорхой компаниуд хоорондоо хамтарч ажиллах гарын үсэг зурж байна. Мөн ОХУ-ын эрчим хүчний яам, Монгол Улсын эрчим хүчний яам хамтарч ажиллах гэрээ, санамж бичгийг ойрын хугацаанд байгуулахаар ажиллаж байна. 

Өнөөдрийн хувьд Уралын Турбины үйлдвэртэй дөрөвдүгээр цахилгаан станцын турбины шинэчлэлийн талаар гарын үсэг зурлаа. Энэ нь дөрөвдүгээр цахилгаан станцын тогтвортой найдвартай ажиллагаанд маш чухал ач холбогдолтой. Хүчин чадлын хувьд 80-90 мегаватт нэмэгдэнэ. Мөн станцын ажиллах насыг 30 орчим жилээр уртасгаж өгч байгаа маш чухал санамж бичигт гарын үсэг зурлаа" гэв.

Цаашдаа ОХУ-ын компаниуд Монгол Улсад ирж ажиллах саналыг тавьж байгаа аж.