Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанк алдагдалтай ажилласан байна

С.Бадрал, iKon.mn
2017 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Монголбанкны 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд PWC гэдэг олон улсын компани аудит хийж дүгнэлт гаргасан байна. Энэ талаар Монгол банкны хяналтын зөвлөлийн гишүүн, доктор профессор Л.Дондогтой хийсэн ярилцлагыг нийтэлж байна.

-Монголбанканд “PWC гэдэг компани аудит хийсэн байна. Ямар дүгнэлт гарсан тухай та мэдээлэл өгнө үү?

-Прайсуотерхаус Куперс Аудит ХХК оны энэ оны эхнээс  тавдугаар сарын эхний өдрүүдийг хүртэл Монголбанкны 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийсэн. Ингэхэд 2016 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Монголбанкны нийт актив нь 7624,0 тэрбум төгрөг, нийт пассив нь 10622,0 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгө хасах 2998,0 тэрбум төгрөг байна гэсэн дүн гарсан.

-Тодорхой тайлбарыг манай уншигчид хүсч байна. Эдгээр тоо чухам ямар нөхцөл байдлыг илтгэж байна гэсэн үг вэ?

-Нийт актив гэдэг нь тус банкны эзэмшилд байгаа хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл бэлэн мөнгө, алт, үнэт металл, үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө гэх мэт. Нийт пассив гэдэгт гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө, гаргасан үнэт цаас, Засгийн газрын хөрөнгө , банкуудын байршуулсан хөрөнгө, өр төлбөр, дүрмийн сан, хуримтлагдсан алдагдал зэрэг зүйл ордог юм. Нийт активаас нийт пассивийг хассан дүн нь өөрийн хөрөнгийн хэмжээг тодорхойлдог. Монголбанкны өөрийн хөрөнгө хасах 2998,0 тэрбум төгрөг болоод байгаа юм. Өөрийн хөрөнгө хасах тэмдэгтэй байгаа шалтгаан нь Монголбанкны хуримтлалын алдагдал 3019,3 тэрбум төгрөг болсонтой холбоотой юм.

-Тэгвэл, Монголбанк 3019,3 тэрбум төгрөгийн алдагдалтай  гэж ойлгож болох уу?

- Монголбанкны 3019,3 тэрбум төгрөгийн алдагдал бол өмнөх жилүүдээс уламжлагдан ирсэн хуримтлагдсан алдагдал юм. Монголбанк 2016 онд 1640,0 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ алдагдал гарахад дараах зардал гол нөлөө үзүүлсэн гэсэн дүгнэлт бий. Үүнд: Дотоодын банкуудад үнэ тогтворжуулах болон “сайн” хөтөлбөрүүдийн хүрээнд олгосон зээлээс 664,0 тэрбум төгрөгийн алдагдал,  гадаад валютын ханшийн тэгшитгэлээс 430,0 тэрбум төгрөгийн гарз, хүүгийн орлого зардлын зөрүүгээс 127,3 тэрбум төгрөгийн алдагдал, болзошгүй алдагдлын нөөц сангийн зардал 119,1 тэрбум төгрөг, зах зээлийн хүүгээс доогуур хүүтэй хөрөнгийн анхны хүлээн зөвшөөрөлтийн алдагдал 451,4 тэрбум төгрөг зэрэг юм. Сая дурьдсан дөрвөн чиглэлээр 1791,8 тэрбум төгрөгийн алдагдал гарсан байгаа юм. 

-Ийм хэмжээний алдагдалтай ажилласан нь  бодлогын алдаа байсан уу, эсвэл менежментийн алдаа байв уу?

-Эдгээр алдагдал нь бодлогын алдаанаас гол үүдэлтэй гэж харагдаж байна.  Монголбанк 2014, 2015 он болон 2016 оны эхний хагаст Засгийн газрын хэрэгжүүлбэл зохих олон хөтөлбөр зарласан. Тухайлбал: Үнэ тогтворжуулах,  “Сайн” хөтөлбөрүүд юм. Эдгээр хөтөлбөрт зориулж маш их хэмжээний мөнгө гаргаж  зах зээлийн ханшаас доогуур хүүтэйгээр компаниудад зээл олгосон. Алдагдлын эх сурвалж нь үүнтэй холбоотой байна. Үүнийг PWC аудитын компани  нотолж байна.

-Энэ аудитын компанид бүрэн итгэж болох уу. Монголбанкны хяналтын зөвлөл энд ямар үүрэгтэй оролцох вэ?

- PWC гэдэг компани бол аудитын салбарт дэлхий дахинд тэргүүлэгч дөрвөн компанийн нэг юм. Дэлхий дахинаараа энэ компанид итгэж байгаа. Тийм ч учраас энэ хөндлөнгийн аудитын компаниар тус компанийг сонгосон хэрэг /Иймээс та бид ч  итгэхээс аргагүй/ Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүд аудитын явцад PWC-ийн ажилтнуудтай уулзаж, нөхцөл байдлын талаар ярилцаж мэдээлэл авч байсан. Бид аудитын дүгнэлт гаргахад нь нөлөөлөх эрхгүй, бас ингэх боломж ч байхгүй юм.

-PWC компани “Хязгаарлалттай дүгнэлт ” гаргасан тухай сонссон. Энэ ямар учиртай юм бэ?

-Аудитын компани нь “Өөрчлөлтгүй дүгнэлт”, “Хязгаарлалттай дүгнэлт”, “Сөрөг дүгнэлт” гэх мэт хэлбэрийн дүгнэлт гаргадаг. “ Өөрчлөлтгүй дүгнэлт” гэдэг нь санхүүгийн тайлан нь бүхий л талаараа компанийн үйл ажиллагаа, үр дүнг зөв илэрхийлсэн болохыг баталсан байдаг. Зарим нэгэн ажил, гүйлгээний илэрхийлэгдсэн байдал үнэмшил багатай  эсвэл одоо биш гэхэд ирээдүйд эрсдэл дагуулж болох зүйл агуулагдаж байгаа нөхцөлд аудитор “Хязгаарлалттай дүгнэлт” бичдэг. Санхүүгийн тайланд материаллаг хэмжээний алдаа илэрсэн нөхцөлд “Сөрөг дүгнэлт” өгнө. PWC компани Монголбанкинд “Хязгаарлалттай дүгнэлт” өгсөн байна. Үүний шалтгаан нь өмнөх онуудад үнэ тогтворжуулах гэх мэт хөтөлбөрийн хүрээнд нэр бүхий 6 компанид 815,0 тэрбум төгрөгийн зээл олгохдоо тэдгээр компанийн талаар ямар нэгэн судалгаа шинжилгээ хийлгүйгээр олгосонтой холбоотой юм. Өөрөөр хэлбэл тэдгээр компани авсан зээлээ эргүүлж төлөх чадвартай эсэхийг нь магадалахгүйгээр зээл олгосон гэсэн үг юм. Үүнээс болж Монголбанкинд эрсдэл үүсч болзошгүй гэж үзээд дээр дурьдсан “хязгаарлалттай дүгнэлт”-ийг өгчээ. Гэсэн хэдий ч PWC компани Монголбанкны 2016 оны санхүүгийн тайланд “...эдгээр санхүүгийн тайланд нөлөөлж болзошгүй нөлөөллийг эс тооцвол, Монголбанкны 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн байдал болон санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээг бүх материаллаг зүйлсийн хувьд Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандартын дагуу бодитойгоор илэрхийлсэн байна” гэсэн дүгнэлт өгчээ.

-Ярилцсанд баярлалаа.