Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Баяртсайхан: Цаашид гадаад валютын ханштай холбоотой эрсдэл буурсан нөхцөлд мөнгөний бодлогыг зөөлрүүлэх бололцоо бүрдэнэ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Монгол Улсын ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөр батлагдсан нь өнөөдрийн хувьд гадаад, дотоодгүй гол сэдэв болж байна. Бидэнд энэ хөтөлбөрт хамрагдахаас өөр үр дүнтэй гарц, шийдэл байгаагүй юу гэх асуултаар ярилцлагаа эхлүүлье?

-Өмнөх оны хоёр дугаар хагаст Монгол улсын эдийн засаг дараах дүр зурагтай байв. Үүнд эдийн засгийн идэвхжил саарсан, төсвийн алдагдал эрс нэмэгдсэн, үнэ ханшны тогтвортой байдал алдагдсан, гадаад валютын цэвэр нөөц хасах утгатай болсон, гадаад өрийн дарамт өссөн зэрэг хүндрэл бий болсон байв.

Үүнээс гадна БНХАУ-ын Ардын банкны своп, Хөгжлийн банк болон Чингис бондтой холбоотой нийт 3 тэрбум орчим ам.долларын төлбөр ойрын хугацаанд хийгдэхээр хүлээгдэж байсан. Эдийн засагт үүссэн хүндрэл болон тодорхой бус байдал нь аж ахуйн нэгж, байгууллагын жижиг, дунд, том бүх бизнесийг царцааж, ажилгүйдэл ядуурлыг нэмэгдүүлэх хандлагатай болсон байв. Олон улсын мэргэжлийн байгууллагаас Монгол улсын зэрэглэлийг удаа дараа бууруулсан нь асуудлыг улам хүндрүүлсээр байв. Эдгээр хүчин зүйлсээс шалтгаалан Монгол улс дампуурах эрсдэлтэй нүүр тулаад байсан юм.

Үүсээд байсан нөхцөл байдлыг сайтар үнэлж, авч болох арга хэмжээний хувилбаруудыг харьцуулсны үндсэн дээр Монгол улсын эдийн засагт тулгараад байгаа хүндрэлийг олон улсын санхүүгийн байгууллагын туслалцаатайгаар даван туулах нь цорын ганц оновчтой хувилбар юм гэсэн дүгнэлтэд хүрсэн болно. Иймд 2016 оны 8 дугаар сард Сангийн яам болон Монголбанк хамтран Олон улсын валютын санд хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтийг хүргүүлсэн.

-Хэлэлцээр амаргүй байсан гэж сонссон, хэр удаан үргэлжилсэн бол?

-Үнэндээ хэлэлцээр амаргүй байсан, ийм байхаас ч өөр аргагүй учир нь нэг талаас манай улсын эдийн засгийн хүндрэл нилээд гүнзгийрсэн, нөгөө талаас олон улсын байгууллагаас олгох санхүүгийн дэмжлэг, туслалцаа тодорхой хэмжээ, хязгаартай байсан. Өөрөөр хэлбэл бидний өмнө тулгараад байсан томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай мөнгө, санхүүгийн эх үүсвэр хүрэлцэхгүй байсан гэж болно.

Иймд санхүүжилтийн дутууг нөхөх, хөтөлбөр батлагдах бололцоог бүрдүүлэхэд Монгол улстай найрсаг харилцаатай улс орнуудын дэмжлэг чухал байсан. Үүнд Япон улс, БНХАУ, БНСУ-ын дэмжлэг, туслалцаа харьцангуй өндөр байсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй болов уу. Хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэх, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг тохирох гээд үндсэндээ бараг 5-6 сар зарцуулсан.

-Хэлэлцээрийн хүрээнд ямар бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэхээр тохиролцсон бэ?

-Хэлэлцээрийн хүрээнд бодлогын шинж чанартай хэд хэдэн асуудлыг тохирсон, Монголбанктай холбоотой хэсгүүдийг товч дурдьяа. Нэгдүгээр хэсэгт банкны салбарын эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох асуудлууд багтаж байгаа. Үүнд Төв банкны хараат бус болон бие даасан байдлыг хангах, Монголбанкны бодлогын шинж чанартай асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж байх, банкинд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах үүднээс хяналт шалгалтын эрх бүхий байгууллагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, банкны бүтцийн өөрчлөлтийн хүрээнд авах арга хэмжээг боловсронгуй болгох замаар төрд болон хувийн хэвшилд ирэх санхүүгийн дарамтыг бууруулах зэрэг асуудлыг хууль эрх зүйн актад тусгахаар тохиролцов.

Хоёрт, гадаад валютын ханшны уян хатан байдлын тогтолцоог мөрдөх чиглэлээр хүрсэн тохироцоо нь Монгол улсад ирэх гадны шокийг зөөлрүүлэх, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон гадаад валютын нөөцийг шат дараатайгаар нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болно. Гуравт, эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд банкны зүгээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад олгох санхүүжилтийг нэмэгдүүлж, улмаар санхүүгийн зуучлалын цар хүрээг зохистой түвшинд нь хүргэх асуудал өндөр ач холбогдолтой байна. Иймд банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ОУВС-тай тохиролцсон.    

-Банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн асуудлын талаар тодруулна уу

-Банкны салбарын бүтцийн өөрчлөлтийг шат дараатайгаар авч хэрэгжүүлнэ. Хамгийн эхний ээлжинд хийгдэх зүйл бол эрх зүйн шинэчлэл. Үүний зэрэгцээ бид олон улсын нэр хүнд бүхий байгууллагаар банкуудын санхүү, төлбөрийн чадварт үнэлгээ хийлгэнэ.

Үнэлгээний үр дүнг харгалзан банк, санхүүгийн байгууллагад тулгараад байгаа хүндрэлтэй асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэж, улмаар банкнаас олгох санхүүжилтийг зохистой түвшинд хүргээд зогсохгүй, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийг эрсдэлээс хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.      

-ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжүүлснээр бодлогын болон зээлийн хүү нэмэгдэнэ гээд байх юм?

-Мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх асуудал бол ОУВС-аас тавьж буй шаардлагуудын нэг. Энэ нь гадаад валютын ханшны хэлбэлзэлээс үүдэлтэй эрсдэлийг зохистой удирдах үүднээс авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ юм.

Цаашид гадаад валютын ханштай холбоотой эрсдэл буурсан нөхцөлд мөнгөний бодлогыг зөөлрүүлэх бололцоо бүрдэнэ, энэ асуудлаар ч гэсэн ОУВС-тай тодорхой тохиролцоонд хүрсэн байгаа болно.    

-ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүрэх гол гол үр дүнг цөөн тоогоор илэрхийлнэ үү

-Эдийн засгийн өсөлт сэргэж 2019 он гэхэд 8 хувьд хүрэх, үнэ тогтворжиж инфляцийн жилийн өсөлт 6 орчим хувьтай байх, төсвийн алдагдал буурч ДНБ-ий 2-4 хувь болох, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын хамгийн гол баталгаа болох гадаад валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрэх зэрэг үр дүн гарна гэсэн урьдчилсан тооцоо байна.  

-Энэ үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна уу

-Эхний эерэг үр дүн гарч эхэлсэн гэж болно. Энэ оны эхний улиралд ДНБ-ий бодит өсөлт сэргэж 4.2 хувьтай гарлаа, гадаад валютын ханш тогтворжиж төгрөгийн худалдан авах ханш дээшилж байна, тухайлбал 2016 оны 4 дүгээр улиралд 2700 хүрч байсан ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 2398 төгрөгийн ханштай байна.

Үүнээс гадна ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдснаар Хөгжлийн банкны 580 сая ам.долларын асуудлыг Сангийн яам, Монголбанк хамтран амжилттай шийдвэрлэсэн. Энэ нь гадаад валютын нөөцөд ирэх дарамтыг бууруулаад зогсохгүй гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол улсад итгэх итгэл өндөр хэвээр байгааг харуулсан чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон.

-Ярилцлага өгсөнд баярлалаа

-Баярлалаа