Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

АХБ-наас Монголд 1.35 тэрбум ам.долларын ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ олгох шийдвэр гаргалаа

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т Монгол Улс хамрагдах болсонтой холбогдуулан хандивлагч байгууллагууд, түншлэгч орнуудаас нийт 5.5 тэрбум ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авахаар болсон билээ.

Тэгвэл Азийн Хөгжлийн Банкны Захирлуудын Зөвлөл өнгөрсөн шөнө хуралдаж “Түншлэлийн стратеги”-ийг баталж, Монгол Улсад 2017-2020 оны хооронд нийт 1 тэрбум 350 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан байна.

Өнөөдөр энэ зээлийн эхний ээлжийн санхүүжилт болох хоёр бодлогын зээлийн 250 сая ам.долларын гэрээнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Азийн Хөгжлийн Банкны Зүүн Азийн газрын захирал Аюуми Кониши нар гарын үсэг зурлаа.

Эхний санхүүжилтийг 

  • Нийгмийн халамж,
  • Банкны салбарын хямралаас сэргийлэхэд зарцуулна. 

Харин дараагийн санхүүжилтүүдийг эдийн засаг, боловсрол, дэд бүтэц, байгаль орчны төслүүдийг дэмжихэд зарцуулах аж. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Азийн Хөгжлийн Банкнаас ирэх дөрвөн жилд Монгол Улсад жил бүр 300 гаруй сая ам.доллар шилжүүлэх бөгөөд үүний тал хувь нь бодлогын зээл байх ажээ. Зээлийн нөхцлийн хувьд 1 орчим хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай байна. Эхний гурван жил хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөнө гэв. 

Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн “ОУВС-гийн хөтөлбөр, тохиролцооны хүрээнд Азийн Хөгжлийн Банк өчигдөр Филиппины Манила хотод хуралдаж эхний санхүүжилтийг шилжүүлэх шийдвэр гаргасан байна.

Монгол Улсыг Азийн Хөгжлийн Банканд төлөөлж буй Аюуми Кониши гуай шөнө нойргүй нисээд өнөөдөр бидэнтэй цуг гэрээ, хэлэлцээр хийж байна. Сайн мэдээ дуулгахаар шөнөжин нойргүй нисэж ирсэн танд талархал илэрхийлье.

Азийн Хөгжлийн Банкнаас нийт 1 тэрбум 350 сая гаруй ам.долларыг дөрвөн жилийн хугацаанд өгөхөөр болсон. Монгол Улсын хүнд хэцүү цаг үед тусламжийн гараа сунгаж буй Азийн Хөгжлийн Банканд Засгийн газрын зүгээс талархсанаа илэрхийлж байна” гэв.

"Монгол Улс урт хугацааны түнш учраас энэ санхүүжилтийг олгох нь зөв"
 
Гэрэл зургийг MPA.mn

Азийн Хөгжлийн Банкны  Зүүн Азийн газрын захирал Аюуми Кониши “Өнөөдөр би 250 сая ам.долларын бүхий хоёр бодлогын хэлэлцээрт гарын үсэг зурсандаа баяртай байна. 1 тэрбум 350 сая ам.доллар гэдэг бол жинтэй дүн. Гэхдээ Монгол Улс урт хугацааны түнш учраас энэ санхүүжилтийг олгох нь зөв.

Түншлэлийн стратеги нь “Эдийн засгийн хүндрэлийн үед хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хадгалах нь” гэдэг нэртэй. Энэ нь бид хүндрэлтэй үед алга болохгүй гэдгийг илтгэж байна.

ОУВС-гийн хөтөлбөр гурван жилийн хугацаатай. Энэ гурван жил нь Монгол Улсын хувьд хамгийн адармаатай гурван жил байх болов уу. Тийм ч учраас бид Засгийн газартай болон бусад хөгжлийн түншүүдтэй хамтран ажиллаж байна. Яг энэ хүндрэлтэй цаг үед халамж, үйлчилгээ авах ёстой хамгийн эмзэг хэсэг рүү санхүүжилтээ чиглүүлэхийг хүсэж байгаа юм” гэв.

Дараагийн зээл тусламж хэзээ, хаанаас орж ирэх вэ?
 
Гэрэл зургийг MPA.mn

Сангийн сайд Б.Чойжилсүрэн “ОУВС-гийн хөтөлбөр нь 5.5 тэрбум ам.долларын багц санхүүжилттэй. Үүний 1 тэрбум 350 сая ам.долларыг Азийн Хөгжлийн Банк баталлаа.  Мөн ОУВС-гаас улирал бүр шилжүүлэх 38.6 сая ам.долларын эхнийх нь Монголбанкны дансанд орсон байгаа. 

Гурав дахь санхүүжилтийн асуудлаар Япон улсын Засгийн газартай  хэлэлцээр хийгээд явж байна. 2017 оны 6-7 дугаар сард хэлэлцээр дуусах байх. Японоос нийт 850 сая ам.долларыг гурван үе шаттайгаар авна. 2017 онд 300 орчим сая ам.доллар болох байх. 

Түүний дараа Дэлхийн банкны санхүүжилт яригдаж байгаа. Нийт 600 сая ам.долларыг гурван жилийн хугацаанд авна. Бид эхний 79 сая ам.долларыг авахаар ярьж байна” гэв.