Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар нийслэлийн архивт байгаа 9.2 тонн саналын хуудсыг устгах Ажлын хэсгийг байгуулах тухай, “Өргөө” амаржих газарт буцалтгүй тусламжаар ирж буй тоног төхөөрөмжийн тээврийн зардлын асуудалд дэмжлэг үзүүлэх тухай, “Нийслэлийн боловсрол 2020” дэд хөтөлбөр батлах тухай болон бусад асуудпыг хэлэлцсэн юм.
Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд, нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа нар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн саналын хуудсыг устгах тухай асуудлыг өргөн барьж, устгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулах тухай саналыг оруулсан юм. Улмаар НИТХ-ын Тэргүүлэгчид нийслэлийн Архивын газарт байгаа 9.2 тонн саналын хуудсыг устгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилж, баталлаа.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Өргөө” амаржих газарт Австрали улсаас буцалтгүй тусламж тоног төхөөрөмж өгч байгаа бөгөөд түүнийг Улаанбаатар хот руу тээвэрлэх зардлыг шийдвэрлэж өгөх тухай асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Буяндэлгэр танилцууллаа.
НИТХ-ын 45 төлөөлөгч өөрсдийн зардлаас буцалтгүй тусламжаар авчрах тоног төхөөрөмжийн замын зардалд 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.