Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулга: Монголчууд ялах болно гэсэн уриатайгаар оролцож байна

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 5 сарын 27
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга өнөөдөр 12:00 цагт Сонгуулийн Ерөнхий Хороонд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.

Нэр дэвшигч Х.Баттулга “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн үнэмлэхээ авлаа. Сонгуульдаа шударга өрсөлдөхөд бэлэн байна.

Хүч тэнцвэргүй тулаан болно. Тэдэнд эрх мэдэл, алт мөнгө, гаднынхан бүгд байгаа. Бидэнд эгэл ард, Монголчууд, ардчилалчид байна. Монголчууд ялах болно гэсэн уриатайгаар оролцож байгаа” гэлээ.

Үнэмлэх гардуулах үйл ажиллагааны үеэр Монгол Улсын 16 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн “Ардчилсан намаас нэр дэвшиж буй Х.Баттулгадаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцохыг ерөөж байна.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Нэр дэвшигч минь, Монгол төр бол Их Эзэн Чингис хааны төр. Чингис хаан төрийн тэргүүн болохдоо “Би хадаас болж, төрийг бэхлэн сахиж, Аргамжаа болж, улсыг барин хатуужсу” гэж тангаргалсан. Монгол төрийн үе үеийн удирдагчид энэ тангаргыг санаж явдаг юм.

Өнөөдөр улс үндэстнийхээ тусгаар тогтнол, язгуур эрх ашгийг хамгаалах төрийн тэргүүн хэрэгтэй. Монголын нийгэмд шударга ёс хэрэгтэй.

Сайхан амлалтын цуурай тасраагүй, амлалтаасаа няцсан үйлсийн тоос нь замхраагүй үед Монголчууд бид ухаалаг сонголт хийх ёстой. Танд амжилт хүсье” гэлээ.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг Иргэний зориг ногоон намаас дэмжихээ илэрхийлжээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.