Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ганбаатар: Шууд хэлье, бид МАНАН-гийн дарангуйллыг хазаарлана

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 5 сарын 27
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар өнөөдөр 10:30 цагт Сонгуулийн Ерөнхий Хороонд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.

2017 оны тавдугаар сарын 16-нд МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж, тавдугаар сарын 17-ны өдөр Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхийг олгохоор тогтсон юм.

Нэр дэвшигч С.Ганбаатар “Өнөөдөр та бүхнийхээ өмнө зогсож байгаадаа баяртай байна. Энэ өдрийг хүртэл маш хол замыг туулж ирлээ. Маш их доромжлол, гүтгэлгэн дундуур явж ирлээ. Үнэн гүйцдэг юм байна.

Бидэнд Монгол орноо аврах төлөвлөгөө байгаа. Монгол Улсаа цэгцтэй хөгжилтэй болгох Үндсэн хуулийн төсөл байгаа. 

МАХН-ын нийт гишүүд дэмжигчидтэйгээ хамт, ард түмэнтэйгээ хамт энэ сонгуульд бид нэр дэвшиж байна. Ямар зорилгоор дэвшиж байгаа юм бэ? гэж асуувал шууд хэлье, МАНАН-гийн дарангуйллыг бид Монгол оронд хазаарлана.

Өнөөдөр жирийн ард иргэд улс орны тусгаар тогтнол, ялангуяа эдийн засгийн тусгаар тогтнолд маш хүчтэй санаа зовинож байна. МАН, АН-ын олон гишүүдийг би хүндэлж байна. Орой дээр нь байгаа хэдэн луйварчид өнөөдөр уучлалт гуйж, сонгуулийн ажлаа эхлэх ёстой.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Ард түмнийг доройтуулсан, хямраасан гэж ярьж байна. Ард түмнийг МАН, АН хямраасан. Тэдний лицензийн наймаа, газрын наймаа, тендерийн луйврууд Монгол орныг цуцааж ядрааж байна. Өнөөдөр тэдэнд оффшорчид, олигархиуд бүгд цугласан байна.

Өнөөдөр өөр сонгууль хийж үзье. Хэн нь илүү мөнгөтэй нь ялдагаа больё л доо. Хэн илүү зүрх сэтгэлтэй, төлөвлөгөөтэй, баримтлалтай гэдгээрээ ялдаг сонгууль зохион байгуулья.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг олгосон МАХН-ын дарга Н.Энхбаярт талархал илэрхийлье. Би түүний хийсэн үйл хэргийг үргэлжлүүлэх болно

Сэтгэл минь хөдөлж байна. Энэ бол Монголчууд бидний хувьд боломж. Монголын гурван сая ард түмний сайхан амьдрах боломжийн төлөө зүтгэж байгаа болохоос биш гучхан гэр бүлийн хагартлаа баяжих боломжийн төлөө зүтгээгүй. Монголын ард түмэн ялна. Монгол босно” гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.