Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны ах төрийн эргэлтэд бэлдэж байгаад алагдсан уу?

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Химийн бодисонд хордож нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө Ким Жон Нам нь солонгос гаралтай Америкийн иргэнтэй уулзсан тухай Японы Асахи Шимбун сонинд бичжээ. Уулзсан хүнийг нь Малайзийн албаныхан АНУ-ын тагнуул гэж сэжиглэж байгаа аж.

Бангкокт амьдардаг энэ солонгос хүн Кимтэй нэг өдөр Малайзад ирсэн байна. Ким дээрх хүнтэй хоёрдугаар сарын 9-нд уулзаж, компьютертаа USB драйвер залгаж ямар нэг мэдээлэл хуулж өгсөн болох нь батлагдсан гэнэ.

Үүнээс дөрөв хоногийн дараа Ким Жон Нам алагдсан юм. Хэдийгээр түүнийг ямар нэг амбицгүй, мөрийтэй тоглоомонд дуртай нэгэн байсан гэдэг ч АНУ, эсвэл Хятад улс түүнийг ашиглан Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг зайлуулах гэж байсан байх магадлалтай талаар уг нийтлэлд бичжээ.

Одоо 33 настай Ким Жон Ун Хойд Солонгосыг 30-50 жил удирдах өндөр магадлалтай. Гэвч түүний засаглал АНУ-д халтай, цаашлаад Хятадад ч сайн зүйл авчрахгүй гэдэг нь тодорхой байгаа.

Өмнөх удирдагч нараас ялгаатай нь Ким Жон Ун Бээжинд огт айлчлаагүй байна. Хятадын талаас ч дээд хэмжээний албан тушаалтан Пёньянд зочилсонгүй. Харин ч эсрэгээрээ Хятадтай харилцаа сайтай дээд албаны хүмүүсээ тэр зайлуулсан юм.

Үүний үр дүнд Хятад улс Хойд Солонгост нөлөө багатай болоод байна. Худалдааны харилцаанаас өөр ямар нэг хэлхээ холбоо байхгүй болсон гэсэн үг. Өөрийгөө гадаад ертөнцөөс улам бүр таслаад байгаа Ким Жон Уны вант улсын эвийг олох аргаа Хятадууд ч, Америкчууд ч олохгүй байна. Хэрвээ хүч хэрэглэвэл их удирдагчдаа үнэнч 25 сая орчим хүнийг босгох тул энэ нь аюултай хувилбарт тооцогдож байгаа юм.

Тиймээс нэг боломжит хувилбар нь өөр нэг Ким буюу Ким Жон Намыг Хойд Солонгосын засгийн эрхэнд гаргах байв. Хэрвээ ингэж чадвал Хятад улс өөртөө ямар нэг эрсдэлгүйгээр дуулгавартай хүнээр Хойд Солонгосын дэглэмийг удирдуулж болох юм. АНУ-д ч энэ нь ашигтай. Стратегийн хувьд чухал Ази, Номхон далайн бүсээс нэгэн аюултай этгээдийг зайлуулах боломж байв.

Тиймээс өөрөө сонирхож байсан эсэхээс үл хамааран Ким Жон Нам нь Хятад болон АНУ-ын хувьд аюултай дэглэмийг зөөлрүүлэх чухал хүн болоод байжээ.

 

Эх сурвалж: Asahi Shimbun, Business Insider