Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих "Seedstars World" олон улсын тэмцээн Монголд болно

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Дэлхий дахинаа хөгжиж буй орнуудын гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг "Seedstars World" тэмцээн зургаадугаар сард Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Монголын хамгийн шилдэг 12 хүртэлх гарааны бизнес эрхлэгчид өрсөлдөн шилдгээр шалгарсан орлцогч нь "Seedstars Summit" олон улсын чуулганд эх орноо төлөөлж 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт авахыг төлөө өрсөлдөх болно. 

Энэхүү уралдааны ивээн тэтгэгчээр "Ай Ти Зон", "Mайкрософт Монгол", "Жемнэт", "Mетро Девелопмент групп" болон "Юнител" групп, хамтран зохион байгуулагчаар "Старт Ап Монгол", "МТҮП" болон Монгол Улс дахь Швейцарийн элчин сайдын яам оролцож байна.  Тус тэмцээн нь зургаадугаар сарын 23-нд Corporate Hotel and Convention Centre-д зохион байгуулагдах бөгөөд зөвхөн бүртгүүлсэн хүмүүст нээлттэй. 

Өнөөг хүртэл тус уралдааны оролцогчид нийт 61 сая ам долларын хөрөнгө оруулалт босгож дэлхий даяар 800 гаруй хүнийг ажлын байраар хангаад байна. 

"Seedstars Ulaanbaatar" тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд "Ай Ти Зон" ХХК-ийн Ерөнхий захирал Н. Баттулга, "Жемнэт" ХХК-ийн гүйцэтгэх захирал У. Дөлгөөн, "Юнител" группын Захирал Г. Барс, "Майкрософт Монгол" компанийн захирал Н. Наранбат, "Метро Девелопмент Групп"-ын ерөнхий захирал Б. Одсүрэн, МТҮП-ийн Судалгаа, хөгжүүлэлтийн газрын дарга О. Хичээнгүй, Дэлхийн Банкны зөвлөх Г. Энхболор, "Старт-Ап Монгол" Гүйцэтгэх захирал С. Эрдэнэбат, "Старт-Ап Монгол" дэд захирал Б. Идэр-Од, "Seedstars world"-ийн Төв болон Зүүн Европийг хариуцсан ажилтнууд болох Дариа Голикова, Агахусейн Ахмадов нар багтаж байна. 

"Seedstars Ulaanbaatar" уралдаанд оролцох гарааны бизнес нь байгуулагдаад хоёр жилээс хэтрээгүй, нийт хөрөнгө оруулалт нь 500 мянган ам.доллараас хэтрээгүй, MVP (Minimial Viable Product) буюу Бүтээгдэхүүний эхний хувилбарыг боловсруулсан цаашид ашиг орлоготой ажиллах ирээдүйтэй байх юм. Түүнээс гадна тухайн бизнес нь зөвхөн дотооддоо төдийгүй гадаад зах зээлд ч тэлж ажиллах боломжтой байх нь Seedstars World уралдааны хувьд томоохон давуу тал болно. 

 

Стандарт банк, BBVA, Merck, Enel, Trecc зэрэг томоохон байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой учир Seedstars World тэмцээний оролцогчдын шинэ санаа нь зөвхөн бүс нутагтаа төдийгүй дэлхий нийтэд хэрэгжих боломжтой байх нь томоохон ач холбогдолтой юм. 

"Seedstars World"-ийн Үйл Ажиллагаа хариуцсан захирал Катарина Жулиенова хэлэхдээ “Seedstars World нь дэлхий дахины хөрөнгө оруулагчдыг шинэ үеийн залуу бизнес эрхлэгчидтэй холбон Цахиурын Хөндий, Баруун Европтой өрсөлдөхүйц бизнесийн орчинг бий болгох зорилготой платформ юм. Бид бүхэн Улаанбаатар хотноо анх удаа энэхүү арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа учир хүлээлт өндөртэй байна. Монгол улсын гарааны бизнес эрхлэгчдийн тухай олонтаа сонсож байсан өөрийн нүдээр харах боломж одоо гарч байна. Бид өнөөг хүртэл гараад буй үр дүндээ туйлын сэтгэл хангалуун байгаа бөгөөд Монгол хамтрагчидтайгаа цаашид хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ. 

"Ай Ти Зон ХХК"-ийн Ерөнхий захирал Н. Баттулга энэ талаар ”Мэдээллийн технологийн хурдтай хөгжил, цахим хувьсгал нь дэлхий дахинаа шинэ үеийн бизнес эрхлэгчдийг гарааны нэг цэг дээр зогсох боломжийг олгосон. Иймд туршлагатай бизнес эрхлэгчдийн хувьд бид дараа үеийн бизнес эрхлэгч залуусаа монголоо төдийгүй дэлхийг өөрчлөх гал эрмэлзлийг дотроо өвөрлөдөг, өргөн цар хүрээнд харж, хамтран ажилладаг сэтгэлгээг өрнүүлэх зорилгоор Seedstars World –ийг монголдоо зохион байгуулахаар болсон. Шалгарсан шилдэг гарааны бизнес дэлхийн давцанд бусад улс орны стартапуудтай өрсөлдөнө" гэв.