Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Бат-Эрдэнэ: Энэ жил гурван тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил хийнэ

Н.Батзаяа, Монголын мэдээ
2017 оны 5 сарын 25
Монголын мэдээ
Зураг зураг

Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнэтэй Говьсүмбэр аймгийн хөрөнгө оруулалт болон хөгжлийн бодлогын талаар ярилцлаа.

-Говьсүмбэр аймагт урт болон богино хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлсон байгаа шүү дээ. Ер нь Говьсүмбэр аймаг хөгжлийн бодлогоо хэрхэн харж байна вэ?

-Манай аймаг урт, дунд болон богино хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлж, ерөнхий төлөвлөгөөгөө гаргасан. Бид аймгийнхаа тэргүүлэх чиглэлд хэд хэдэн салбарыг тодорхойллоо. Тухайлбал, нэн тэргүүнд аймагтаа хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлнэ. Мөн аялал жуулчлал, үйлдвэржилтийг хөгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Манай аймаг газар зүйн байрлал, дэд бүтцийн хувьд Монгол Улсын хамгийн боломжтой газар нь байрладаг. Нэгдүгээрт, Хөрш хоёр улсын уулзах гол төв цэг нь манай аймаг болж таараад байгаа юм. Сүүлийн үед гурван улсын эдийн засгийн коридорын асуудал их яригдлаа. Энэ хүрээнд гурван улсыг дамнасан аялал жуулчлал, тээвэр ложистик хөгжинө.

Үүний гол буудаллах цэг нь манай аймаг болоход их тохиромжтой. Учир нь аль ч талаасаа 500 км зайд оршдог. Өөрөөр хэлбэл, БНХАУ-аас манай аймаг хүртэл 500 км-ийн зайтай. Мөн ОХУ-аас ч 500 км-ийн зайд байрладаг. Ингэхээр тээврийн үйлчилгээ хүргэж буй жолооч нар буудаллаад дараагийнхаа улс руу явах боломжтой. Зөвхөн орон зайн хувьд гэлтгүй олон улсын шинж чанартай авто зам, эрчим хүч, төмөр зам гэх мэтчилэн бүх дэд бүтэц Говьсүмбэр аймгаар дайран өнгөрч байгаа учраас цаашид тээвэр ложистикийн үйлчилгээг тулгуурлан хөгжих боломжтой гэж харж байгаа. Бидний дараагийн хүлээлт үүсгэсэн томоохон бүтээн байгуулалт нь  “Шивээ овоогийн нүүсний ордыг түшиглэсэн эрчим хүчний цогцолбор төсөл” юм. Энэхүү төслийн хүрээнд асар том бүтээн байгуулалтын ажлууд өрнөнө.

Уг төсөл манай аймагт хэрэгжсэнээр 20 орчим мянган түр ажлын байр, 3,000 байнгын ажлын байр 2021 он гэхэд бий болохоор яригдсан. Цогцолбор төсөл хэзээ батлагдаж ажил болохыг хэлж мэдэхгүй ч бид нэлээд ач холбогдол өгч, ирэх дөрвөн жилийнхээ бодлогын баримт бичгийг тодорхойлсон байгаа. Төсөлд суурилж дэд бүтэц, хотжилт, үйлдвэржилтийн бодлогоо тодорхойлохоос гадна жижиг дунд үйлдвэрлэлүүд ч энэ төслийг дагаж нэлээд хөгжиж, өргөжин хэмээн харж байна.

Тэргүүлэх чиглэлийн нэг хэсэг нь аялал жуулчлалын салбар. Бидэнд Хэнтий, Хөвсгөл гээд бусад аймгуудтай өрсөлдөх хэмжээний аялал жуулчлалын нөөц байхгүй. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлнэ гээд төсвөөс мөнгө гаргаж том цогцолборыг бий болгох тухай ойлголт бүр байхгүй. Харин уламжлалт хөдөө аж ахуйд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай хөгжлийн бодлогодоо тусгасан.

Манай аймагт түүх соёлын дурсгалт газар болох Чойрын богд уул, Зүүн жанжин Чойрын хийд гэх мэтчилэн үүх түүхтэй газрууд байдаг. Эдгээр газруудаа түшиглэсэн аялал жуулчлалын баазуудыг бий болгохоос гадна малчдаа дэмжих үүднээс уламжлалт мал аж ахуйг түшиглэн аялал жуулчлалаа хөгжүүлнэ. Нэг их төсөв, мөнгө шаардахгүйгээр энэ чиглэлээр юм хийе гэсэн иргэдийг дэмжин ажиллах замаар аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх юм.

-Хөрөнгө оруулалтын чиглэлээр ямар ажлууд хийгдэх вэ. Хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирэв?

-Тавдугаар сарын 5-нд төсвийн тодотголоо хийлээ. Орон нутгийн хөгж­лийн санд хоёр тэрбум 43 сая 306 мянган төгрөгийг тодотгосон. Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зар­далд 79 сая төгрөг, автозамын санд 46.9 сая төгрөгийг оны өмнө баталсан. Мөн энэ жил улсын төсвөөс 649.9 сая төгрөгийн ажлын эрхийг шилжүүлж, орон нутагт худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар болсон. Үүний ихэнх нь нийгмийн салбарын барилга байгууламжийн засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж худалдаж авахаар төлөвлөгдсөн байгаа. Өнөөдрийн байдлаар автозамын сан, Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын хөрөнгөөр хийгдэхээр төлөвлөгдсөн ажлуудын тендер шалгаруулалт нь дуусаж, гэрээ бай­гуу­лах шатандаа явж байна. Энэ онд автозамын сангаар гурван ажил хийхээр төлөвлөсөн.

Тодруулбал, Засаг даргын Тамгын газрын урд зогсоол барих, дөрвөн замын уулзвараас Хэлмэгдэгсдийн хөшөө хүртэлх авто замын дагуух гэрэлтүүлгийн засварлаж, шинэчлэх, Хонхор хотхонд 100 метрт автозамын өргөтгөнө. Харин байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар гол горхи, булаг шандын эхийг хамгаалах, ус нөөцлөх сав суурилуулах, худаг гаргах, усны зөөврийн автомашин худалдан авах гээд нэлээдгүй ажил төлөвлөсөн.

Орон нутгийн хөгжил сангийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвийг теле камерын системд холбох, нэг, наймдугаар байрны фасад, 15-р байрнаас Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэс хүртэлх авто болон явган хүний зам, тоглоомын талбай засварлах гэх мэт нэлээд ажлууд хийхээр төлөвлөлөө. Эдгээр ажлууд эхнээсээ гүйцэтгэгч нь шалгарч ажлаа эхлүүлсэн байгаа. Худалдан авах ажиллагааг төлөвлөгөөний дагуу хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж байна.

-Гадаад харилцааны чиглэлд ямар бодлого барьж байна. Хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн, хийхээр төлөвлөж буй ажлуудаасаа танилцуулахгүй юу?

-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн сөнөд хошуутай хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Энэ хүрээнд боловсрол, хөдөө аж ахуйн салбарт илүү хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан. Манай аймагт Уул уурхайн жишиг Политехникийн коллеж байдаг. Энэ коллежийн багш, оюутнуудыг Шилийн гол аймаг дахь ижил төстэй сургуульд солилцоогоор суралцаж, туршлага судлах, хөдөө аж ахуйн салбарт эрчимжсэн мал аж ахуйн чиглэлд хамтран ажиллах саналыг тавьсан.

Мөн Япон улсын Элчин сайдын яамтай нэлээдгүй хамтарч ажиллаж ирсэн. Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөр төслөөс сүүлийн гурван жил төсөл бичиж, хамтран ажилласан. Энэ онд V сургуулийн гадна фасад болон дотор засварын ажлын төслийг дэмжиж, ажил нь хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байгаа. Энэ сургуулийн дотуур байранд нийт 170 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засвар хийсэн. Тохижилт, бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг найман иргэнийг Япон улсад туршлага судлуулах 10 хоногийн сургалтад хамруулах асуудлыг Элчин сайдын яам нь дэмжихээ илэрхийлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын “Өвсний үндэс” төслөөр 2018 онд Баянтал сумын сургуулийн спорт заалны засварын ажлыг хийхээр ажиллаж байна.

-Аймаг бүр хот суурин газрыг бараадан тэлж байна. Танай аймгийн хувьд Улаанбаатар хоттой ойрхон байрладаг. Ер нь аль зүг рүү тэлж хөгжих вэ?

-Хонхор хотхоноос чанх урагшаа хуучин орос цэргийн казарм байсан. Одоо бол тэр хэсэг хогийн цэг болчихсон. Гэхдээ тэнд цугласан хур хогийг цэвэрлээд 60.8 га газрыг үйлдвэржилтийн бүс болгож хөгжүүлнэ. Түүнээс цааш эрчимжсэн мал аж ахуйн бүс болгон хөгжүүлэх 70 гаруй га газрыг баталсан. Хүлэмжийн аж ахуй эрхлэх сонирхолтой болон хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүс байхаар бодож газрыг нь хуваариллаа.

Өнгөрсөн жил эрчимжсэн мал аж ахуйн бүсэд худаг гаргаж, цахилгаан эрчих хүчний асуудлыг нь шийдвэрлэсэн. Энэ жил дахин нэг худаг гаргаад байна. Хонхор хотхоноос зүүн урд чиглэлд “Хаус” хороолол байгуулахаар төлөвлөсөн байгаа. Хамгийн өртөг багатай, таун хаус хэлбэрийн байшинг 2020 он хүртэл үе шаттайгаар барина. Харин орон сууцыг Хонхор хотхоноосоо хойд чиглэлд барих юм. Тухайлбал, аймаг бүрд баригдаж буй 1,000 айлын орон сууцыг Соёл, амралтын хүрээлэнгийн замын эсрэг талд баригдахаар зураг төсөл нь гарчихсан.

-Сүүлийн үед Улаанбаатар хот гэлтгүй хөдөө орон нутагт ч агаарын бохирдолтой холбогдуулж орон сууцжуулах бодлого баримталж байна. Энэ талаар ямар ажил хэрэгжүүлэхээр төлөвлөв?

-Салхигүй тогтуун үед гэр хорооллын утаа Хонхор хотхон руу ороод ирчихдэг. Тиймээс энэ онд агаарын чанарын судалгааны судалгааг үе шаттай хийж байгаа. Ер нь нийтэд нь орон сууцжуулах бодлого баримталж байгаа. Аймгийн нийт өрхийн 65 орчим хувь нь орон сууцад амьдардаг. Бусад аймгийг бодвол харьцангуй гэр хороолол багатай.

Гэхдээ жил ирэх тусам шилжилт, хөдөлгөөн нэмэгдэж байна. Улаанбаатар хоттой ойрхон, дэд бүтэц хөгжсөн гэдэг үүднээс шилжиж ирж буй хүмүүс бий. Гэр хорооллын айлууд нэмэгдэхээр дагаад утаа ихэснэ. Тиймээс аймгийн хэмжээнд орон сууцжуулах бодлого барьж, шат дараатай ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Зураг