Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос үл мэдэгдэх төрлийн пуужин харвалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 05:27 цагт Хойд Солонгос үл мэдэгдэх төрлийн пуужинг Пёнган мужаас харвасан болохыг Өмнөд Солонгосын армийнхан мэдээлллээ.

Баллистик төрлийнх байж болзошгүй пуужинг зүүн зүгт харваснаас хойш 30 минут орчмын дараа 700 километр зайнд Япон тэнгист унажээ.

Унасан газар нь Японы усан хилийн гадна болохыг тус улсын засгийн газраас мэдээлсэн байна. Үүнээс өмнөх Хойд Солонгосын хоёр удаагийн пуужингийн туршилт нь амжилттай болж чадаагүй юм.

Мөн Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Мүүн Жэ Ин тангараг өргөснөөс хойш анхны пуужингийн туршилт болж байна. Японы ерөнхий сайд Шинзо Абэ пуужингийн туршилттай холбогдуулан Пёньяны үйлдлийг эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ.

Өнгөрсөн сард Өмнөд Солонгос Пёньяны пуужингийн довтолгооноос хамгаалахын тулд АНУ-ын THAAD системийг нутаг дэвсгэртээ суурилуулаад байгаа.

Тэгвэл Японы засгийн газар мөн Америкийн Томахоук төрлийн пуужин харвагчийг нутагтаа байрлуулах гэж байгаа талаар өчигдөр хэвлэлүүд мэдээлээд байна.

Өнгөрч буй долоо хоногийн эхээр Хятад улс Бохайн тэнгист шинэ пуужин туршсан нь Өмнөд Солонгост байрласан THAAD пуужингийн системийг устгах зорилготой зэвсэг байсан талаар хэвлэлүүд мөн мэдээлжээ.

Ийнхүү Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр зүүн хойд Азийн бүс нутгийн тогтвортой байдлыг доройтуулсаар байна.

Баасан гарагт Хойд Солонгос НҮБ-ыг өөрийнх нь эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаас өмнө шийдвэрээ эргэж харахыг уриалжээ. Хориг арга хэмжээ нэмж авахыг Вашингтон НҮБ-аас хүсээд байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today