Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Роберт Мугабэг хурал дээр унтаагүй, нүдээ гэрлээс хамгаалж байгаа нь тэр гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Зимбабвэ улсын ерөнхийлөгч, 93 настай Роберт Мугабэ манай дэлхийн хамгийн ахмад төрийн тэргүүнд тооцогддог. Тэгвэл сүүлийн үед оролцсон хурал, чуулган бүрийн үеэр түүнийг суудал дээрээ унтаж байгааг нь харуулсан зураг тарж, энэ нь нас өндөр болсных гэж хэвлэлүүдээр бичих болжээ.

Харин Мугабэгийн хэвлэлийн төлөөлөгч Жорж Карамба саяхан мэдэгдэл хийж, ийм буруу ташаа мэдээлэл тарж байгаад эмзэглэж байгаагаа илэрхийлсэн байна. Түүний хэлснээр өндөр настай ерөнхийлөгч нүдний өвчнөөр шаналж байгаа гэнэ.

Карамба “93 настай ерөнхийлөгчийн нүдэнд асуудал гарч, хурц гэрэлд харж чадахгүй болсон. Тиймээс гэрэл рүү шууд харахгүй байхыг хичээсэн нь унтаж байгаа мэт харагдаж байгаа юм” гэжээ.

Саяхан Мугабэ Сингапур руу эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ хийлгэхээр яваад ирсэн юм. Төрийн хэвлэлд Мугабэгийн нүдний асуудлыг талийгаач Нелсон Манделагийн өвчинтэй адилтган тайлбарласан байна. Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Манделагийн нүд хурц гэрэлд маш мэдрэмтгий болж байсан ажээ. Ийм өвчин түүнд 93 насанд нь тохиолдсон байна. Мандела 2013 онд 95 насандаа таалал төгссөн юм.

Гэхдээ Мугабэгийн унтдаг асуудал түүний 80 орчим наснаас эхэлсэн. 2005 онд Ливийн Сирте хотод болсон Африкийн Холбооны хурал дээр тэр зүүрмэглэж байгаа нь хэвлэлийн дуранд үлджээ.

 
 
 

Олон жилийн турш Мугабэгийн зүүрмэглэж байгаа дүр хэвлэлийнхний сэдэв байсаар ирсэн. Саяхан Сингапурт эмчлүүлээд ирсэн Мугабэгийн эрүүл мэнд Зимбабвэгийн ард иргэдийн санааг зовоож эхэлжээ.

Учир нь ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгуульд тэр өрсөлдөх гэж байгаа юм. Хэдийгээр Зимбабвэгийн эдийн засаг чөлөөт уналт хийж байгаа ч Мугабэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөлгүй, улс орноо “Африкийн хамгийн хурдтай хөгжиж байгаа орнуудын нэг” гэж нэрлэсээр байна.

 

Эх сурвалж: Quartz