Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин: Таны асуулт надад маш их хөгжилтэй санагдлаа, битгий уурлаарай

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны Мөрдөх Товчооны (ХМТ) захирал Жэймс Комиг ажлаас чөлөөлсөн нь гэнэтийн явдал байлаа.

Кремль ба Трампын хүмүүсийн хоорондын хэлхээ холбоог ХМТ шалгаж эхэлсэн нь Трампыг ийм шийдвэр гаргахад хүргэсэн гэсэн яриа дэгдээд байгаа юм. Тэгвэл өчигдөр Сочи хотод хоккейн шоу тоглолтод оролцож байсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинаас CBS сувгийн сурвалжлагч Элизабет Палмер энэ тухай асуужээ.

2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд Москва нөлөөлсөн гэх сэжиг таамгаас үүдэлтэй АНУ-ОХУ-ын муудаад байгаа харилцаанд Трампын авсан арга хэмжээ яаж нөлөөлөхийг Палмер асуусан юм.

Путин “Энэ явдалд бид ямар ч холбоогүй. Харилцаанд ямар ч нөлөө үзүүлэхгүй” гэж хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоор орчуулуулан хариулсан байна.

Дараа нь тэр “Таны асуулт надад маш их хөгжилтэй санагдлаа. Надад битгий уурлаарай” гэж хэлжээ.

Путин бас Трампыг үндсэн хуулийнхаа хүрээнд асуудлыг шийдсэн гэдэгт итгэж байгаагаа хэлсэн байна. Дараа нь Путин “Би хоккей сонирхогчидтой тоглох гэж байна. Таныг ч бас урьж байна” гэж Палмерт хэлээд мөсөн талбайд гарчээ.

Уг тэмцээн нь ОХУ-ын төрийн дээд албан хаагчид, олигархууд, нэртэй хоккейчид оролцсон, нэг ёсны оддын нөхөрсөг шоу тоглолт байсан гэнэ. Путины баг тэмцээнд 17:6 харьцаагаар ялснаас ерөнхийлөгч өөрөө 7 гоол хийсэн тухай New York Times мэдээлжээ.

 

Эх сурвалж: Huffington Post