Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Өрсөлдөх чадварын судалгаанд Орхон аймаг тэргүүлж, Говь-Алтай аймаг сүүл мушгив

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г 2012 оноос эхлэн 5 дахь жилдээ гаргаж байгаа. Тус төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын 2016 оны тайланг гаргасныг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

Энэхүү тайлангаас аймаг бүрийн давуу болон сул тал байгааг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, болон дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 180 гаруй шалгуур үзүүлэлтээр харьцуулан хардаг аж. Мөн тайлангаас өмнөх жилтэй харьцуулахад хамгийн их өссөн болон буурсан 20 үзүүлэлтийг гаргадаг байна. 

Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ 2016

Сүүлийн 5 жил Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар зэрэг аймгуудын өрсөлдөх чадварын оноо харьцангуй өндөр байгаа бөгөөд өөрсдийн эрэмбээ хадгалсаар байгаа аж. Энэ жилийн тайланд ч мөн Орхон аймаг тэргүүлсээр байгаа бол удаах эрэмбэд Өмнөговь, Дархан-Уул аймгууд орсон байна. Харин сүүлийн байруудад Архангай, Дундговь, Говь-Алтай аймгууд эрэмблэгджээ. 

Эдийн Засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Ерөнхий Захирал Б.Лакшми "Өрсөлдөх чадвар сайтай аймгуудад ажиглагдаж байгаа нийтлэг шинж нь үйлдвэрлэл, дэд бүтэц хөгжсөн ажлын байр болон хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй сайн бүрдүүлсэн байна.

Судалгааг хийж эхэлсэн 2012 онд Орхон аймаг 100 оноогоор тэргүүлж, Дундговь аймаг 27 оноотойгоор сүүлд эрэмбэлэгдэж байсан бол энэ жил Говь-Алтай аймаг 47 оноотойгоор сүүлд эрэмбэлэгдсэн.

Энэ жил Дорноговь, Өвөрхангай, Баян-Өлгий зэрэг аймгууд өрсөлдөх чадварын оноогоо хамгийн ихээр ахиулсан бол Архангай, Говь-Алтай, Завхан аймгууд хамгийн их бууралттай нь байв" гэлээ.

График

Дорноговь аймгийн хувьд засаглал болон дэд бүтцийн үзүүлэлтүүд, Өвөрхангай аймгийн хувьд эдийн засаг, бизнесийн орчны үзүүлэлтүүд өссөн нь илүү нөлөөлсөн аж. Харин Архангай аймгийн эдийн засаг болон дэд бүтцийн зарим үзүүлэлтүүд, Говь-Алтай аймгийн бизнесийн орчин болон дэд бүтцийн зарим үзүүлэлтүүд буурсан нь өрсөлдөх чадварын оноо буурахад түлхүү нөлөөлжээ.

Бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээл

Судалгааг хийхдээ аймаг тус бүрээс 50, нийт 1,050 бизнес эрхлэгчээс санал асуулга авсан байна. Тэднээс бизнес эрхлэхэд тулгардаг бэрхшээлийн талаар ч асуусан байна. “Төрөөс анхаарвал зохих 5 гол үйл ажиллагааг нэрлэнэ үү” гэсэн нээлттэй асуултад

  • Татвар, зээлийн бодлогоор дэмжих,
  • Банкуудын зээлийн хүүг бууруулах
  • Ажлын байр нэмэгдүүлэх
  • Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах гэсэн хариултыг хамгийн олон удаа өгчээ.    

Судалгааг хийхэд ХБНГУ-ын Олон улсын хамтны ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, иж бүрэн санаачлага хөтөлбөр, Азийн сан, МҮХАҮТ, Мобиком корпорац, Ньюком групп хамтран ажиллажээ.  

Мөн энэхүү тайланг ашиглан аймаг орон нутгийн удирдлагууд, бизнес эрхлэгчид бусад аймгуудтай хамтран ажиллах шинэ гарц, сэдлийг олж өөрсдийн амжилт бүтээлд ахиц гаргана гэдэгт итгэж байгаа аж.